Усан онгоцны ослын улмаас амь үрэгдэгсдийн тоо хоёр дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-09-21 17:23:27

ДОДОМА. /BBC/. Пүрэв гарагт Танзанийн Виктория нуурт олон зуун хүн тээвэрлэж явсан “MV Nyerere” усан онгоц осолдож, 40 гаруй хүн амиа алдсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Харин баасан гарагийн оройны байдлаар энэ тоо 86 хүрсэн гэж телевизийн “BBC” суваг мэдээлэв.


Мванза мужийн комиссар Жон Монгеллагийн мэдээлснээр, пүрэв гарагт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 44 байсан бол баасан гарагт дахин 42 хүний цогцсыг олсон аж. Үүний зэрэгцээ аврах албаны ажилтнууд 37 хүнийг авраад байгаа хэдий ч тэдний биеийн байдал мөн хүнд байгаа юм.


Осолдсон усанд онгоцонд 400 гаруй хүн зорчиж явсан хэмээн таамаглаж байгаа хэдий ч тасалбар түгээгч амиа алдсаны улмаас хичнээн хүн байсан нь тодорхойгүй байгаа ажээ.


Танзани улсад гарсан усан онгоцны осолтой холбоотой харамсалтай түүхүүд


2012 онд Энэтхэгийн далайн Занзибар арлыг зорин явж байсан дүүрэн хүнтэй завь осолдсоны улмаас 145 хүн амь үрэгдэж байжээ.


2017 онд мөн Занзибар арлын эргийн ойролцоо усан онгоцны томоохон осол гарч, 200 гаруй хүн амиа алдаж, аврах багийн ажилтнууд олон зуун хүнийг аварч байсан байна.


Мөн 1996 онд Виктория нуурт “MV Bukoba” усан онгоц осолдсоны улмаас 800 гаруй хүн амь насаа алдаж байсан юм. Энэ нь сүүлийн зууны хугацаанд гарсан усан онгоцны хамгийн том ослуудын нэгт тооцогддог ажээ.

Э.Хулан

Холбоотой мэдээ