Хүүхдийг цахим гэмт хэргээс хамгаалах "Unfriend" хөдөлгөөнийг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-05 13:37:24
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” зэрэг цахим хаягууд хүүхэд залуусыг амиа хорлох, тоглоом болон садар самуунд уруу татах гол уурхай болж байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлэв.

Интернет хэрэглээ өсөхийн хэрээр буруу зан үйлд уриалан дуудсан мэдээ, мэдээллээр дамжин цахим гэмт хэргийн тоо өсч, өсвөр насны хүүхдүүд ихээр өртөж байгааг албаныхан онцолж байна.  Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ, ЦЕГ, Монголын сурагчдын холбоо, дуучин Б.Анхбаяр хамтран “Unfriend” хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулахаа мэдэгдлээ.

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны байдлаар 299, энэ оны эхний хагаст 279 цахим гэмт хэрэг  бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.  

ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан ярихдаа, "Бага насны хүүхдүүдтэй фэйсбүүкт хуурамч хаяг нээж холбоо тогтоон тэднийг залилах, нүцгэн зургийг цуглуулдаг этгээдийг шалгаж эхлээд  байна. Хууран мэхлэлтэд өртсөн хохирогч хүүхдүүд эцэг, эхдээ хэлэхээс айж, хаана хандахаа мэдэхгүй байгаагаас гэмт хэрэг нууцлагддаг.  Тиймээс иргэдээс цахим гэмт хэргийн талаар санал гомдол хүлээн авах "Black list" вэбсайт ажиллуулахаар болоод байна. Тус сайтад ирүүлсэн мэдээллийн дагуу мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж цахим гэмт хэргийг таслан зогсоох ажлыг өрнүүлнэ" гэв.

Харин Дуучин Б.Анхбаяр ярихдаа, “Сэтгэл сэртхийлгэм гэмт хэргүүд цахим орчинд үйлдэгдэх боллоо. Тиймээс дуучин хүнийхээ хувьд "Unfriend" хөдөлгөөнд нэгдэж байна. Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хаана юу хийж явааг маш анхааралтай ажих хэрэгтэй болжээ.  Тиймээс хүн бүр эл хөдөлгөөнд нэгдэж өөрийнхөө хүүхдийн гар утас, цахим хаягыг шалгаж харилцаж буй хүмүүсийг нягтлан танихгүй хүмүүсийг нь найзын жагсаалтаас хасаарай хэмээн уриалья" гэлээ. 
 
 "Unfriend" хөдөлгөөний хүрээнд Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандсан сэрэмжлүүлэг бүхий ухуулга сурталчилгааг хэвлэл мэдээллийн байгуулагаар дамжуулан хүргэхээс гадна Ерөнхий боловсролын сургуулиудад сургалт явуулах юм байна.  

С.Мөнхбаатар
 

Холбоотой мэдээ