"Багануур" ХК түүхт 40 жилийн ойгоороо "Хангарди" одон хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2018-07-27 23:01:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрлэн голын сав газарт бүтээн байгуулалтыг өрнүүлж, эх орны хөгжлийн түүчээг атган, улсынхаа гал голомтыг бадраан, Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж, Монголын Уул уурхайн салбарын түүхийн хуудаст нэгэн шинэ тод мөр үлдээсэн үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай “Багануур” ХК-ийн 40 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо.

Хуралд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, Түлш эрчим хүчний сайд асан П.Очирбат, Эрчим хүчний дэд сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, төлөвлөлтийн инженер А.А.Белинкин болон бусад албаны төлөөлөл оролцов.



Баярын хурлын үеэр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Багануур” ХК-ийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасныг гардууллаа.

Мөн НИТХ-ын ”Хүндэт тэмдэг”-ээр Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, Монгол Улсын гавьяат уурхайчин, эксковаторын машинч Г.Отгонпүрэв, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн инженер Я.Минжүүрдорж нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.

Хариуцлагатай уул уурхайн түүхт “Багануур” ХК нь өнгөрсөн 40 жилийн хугацаанд 111.1 сая тонн нүүрс олборлож, 111.1 сая тонн нүүрс борлуулж 399.8 сая метр куб хөрс хуулалтын ажил хийж, 729 сая метр куб уулын цулын ажил хийжээ.

Ж.Болор
Холбоотой мэдээ