Монгол хувцасны түүх, соёлыг театрчилсан хэлбэрээр үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-07-06 16:24:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чойжин лам сүм музейн 110 жил, “Монгол Костюмс” төвийн 15 жилийн ойд зориулсан "Монгол хувцасны нууц товчоо" театрчилсан загварын тоглолт энэ сарын 09-нд болно.

Чойжин ламын сүм музейд болох уг тоглолтод хадны сүг зураг анх үүссэн Шинэ чулуун зэвсгийн үеэс өдгөөг хүртэлх монгол хувцасны түүхийг театрчилсан хэлбэрээр үзүүлэх юм. 

“Монгол костюмс” компанийн захирал Б.Сувд, “Анх бид энэ тоглолтоо Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх ёслолд ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга агсан хатагтай Ирина Боковагийн урилгаар Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд 2012 оны 6 сарын 4-нд өндөр хэмжээнд толилуулж байсныг дуулгахад таатай байна. 2012 оноос хойш их түүхээ урагшлуулж олон сонирхолтой цуглуулгаар баяжуулсан” хэмээн тодотгов. 

Тоглолтод ирснээр монголын хувцасны түүхэн хөгжлийг маш сонирхолтойгоор богино хугацаанд үзэж сонирхон мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг нууцлаг орчинд тухлан соёлын биет болон биет бус өвүүд “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд”, “Монгол төрийн сахиусын өргөө” үзэсгэлэнгийн хэсэг болон шөнийн музейг нэг дор үзэх боломжтой. Мөн музейн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж, цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгож байна. Эдгээр нь тасалбарын үнэд багтсан бөгөөд тасалбар нь 80 мянга төгрөг байх аж. Түүнчлэн тоглолтод хүрэлцэн ирснээр үндэсний үйлдвэрлэгч “Best shoes”-ын олон нэр төрлийн шинэ загварын гутлуудыг сонирхох боломжтой.

Тасалбарыг Монгол костюмс ХХК-ийн байр, Чойжин ламын сүм музейн билетийн кассаар болон  “Ноён зууч 1900-1950 хүргэж байна.  
 
Ж.Болор

Холбоотой мэдээ