Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-05 11:12:34

Хүйтний эрч чангарч ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдийч мөсний зузаан олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-25 см бага байгаа тул ард иргэдийг мөсөн дээгүүр явахгүй байхыг ОБЕГ болон Ус цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс анхааруулж байна.

Нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Хүйтний эрч чангарснаас хойш мөс цөмөрч, иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тухай хэд хэдэн дуудлага ОБЕГ-т иржээ.

Тухайлбал, Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд живсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, орон нутгийн иргэдтэй хамтран автомашиныг чиргүүлийн хамт мөсөн дээр гаргажээ.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ