Говь-Алтай аймагт соёлын биет бус өв тээгч 730 гаруй иргэн бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-13 21:37:47
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол орны баруун хязгаар нутаг болох Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгонд 730 гаруй Соёлын биет бус өв тээгч иргэн аж төрж, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж байна.
Тэдгээр өв тээгчид баруун халхын уртын дуу, гар урлал /Монгол гэрийн бүс бүслүүр, суран эдлэл, ширмэл ширдэг/ мөн ардын анагаах ухааны төрөлд багтах хүний нүдний цагаан уналтыг дом шившлэгийн аргаар эмчлэх, ан агнуурт багтах үнэг, чоныг онцгой дуу авиагаар дуудах, аян жин тээх тэмээний хэрэгсэл хом, бамбай, хонх хийх, уран сийлбэр, хатгамал гээд соёлын таван ай савын бүх төрлүүдэд багтах өв соёлыг уламжлан авсан нь бүртгэгдсэн хэмээн тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын Соёл хариуцсан мэргэжилтэн Н.Жаргалсайхан онцлон танилцууллаа.
Эдгээр өв тээгч иргэд энэ сарын 10-15 өдрүүдэд орон нутагтаа авьяас билгээрээ өрсөлдөж, арван тав нь наймдугаар сард Улаанбаатар хот, Хүй долоон худагт болох "Нүүдэлчин Монгол" Соёлын биет өвийн их наадамд Говь-Алтай аймгаа төлөөлөн оролцох гэнэ. Уг наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр тус аймгийн Соёлын байгууллагын салбарын төлөөллүүд өв тээгчдийг хэрхэн оролцуулах, шинээр өв тээгчдийг бүртгэх ажлыг эхлүүлэхээр сургалт уулзалтад оролцож санал бодлоо хуваалцсан байна.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ