Зорилтот бүлгийн өрхийн иргэдийг ажлын байраар хангах талаар ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-18 21:37:03

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сумын ИТХ, Засаг даргын тамгын газраас “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ын уурхайд ажиллаж буй нутгийн иргэдтэйгээ уулзаж хөлсний гэрээгээр ажиллаж буй иргэдийг хөдөлмөрийн гэрээтэй болгох асуудлыг шийдвэрлэжээ.
Дөрвөлжин сумын нутагт уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулж буй  “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ний үйл ажиллагаатай танилцахаар тус сумын удирдлагууд болон ИТХ-ын тэргүүлэгчид иргэд нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллажээ. Энэ үеэр орон нутгийн ажилчидтай уулзан санал бодлыг нь сонсож, ажлын байрны нөхцөлтэй нь танилцаж бодит байдал, албаны бичиг баримтуудтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Ийнхүү хоёр өдрийн турш “Баян-Айраг эксплорэйшин” ХХК болон туслан гүйцэтгэгч Bluefin ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцсоны дараа хоёр компаний удирдлагууд, холбогдох хариуцсан мэргэжилтнүүд, сум, аймгийн ажлын хэсгийн хүрээнд дүнгийн хурал хийж зөвлөмж гаргажээ. Мөн цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж уулын ажилчдын хооллох, амрах гэрийг богино хугацаанд тохижуулах, үйлдвэрчний эвэлэлийн хурлыг  нэн даруй зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх, хөрс, ус, агаар тоос зэрэгт хөндлөнгийн хяналт тавих, хог хаягдлыг цэгцлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийг хүссэн байна. Түүнчлэн байгаль орчны чиглэлийн харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчилж зарим асуудлыг нэмж тусгах, газрын төлбөрийн гэрээг шинэчлэн байгуулах, уурхайд сумын ажилгүйдлийн бүртгэлд бүртгэлтэй иргэдээс илүү түлхүү авч ажиллуулах, зорилтот бүлгийн 92 өрхийн иргэдийг эхний ээлжинд зохих ажлын байраар хангах, туслан гүйцэтгэгч Bluefin ХХК-ийн ажилчид хөлсний гэрээтэй байгаад анхаарч “Хөдөлмөрийн гэрээ”-тэй болгох асуудлыг судалж яаралтай шийдвэрлэхээр болсон байна.
"Баян Айраг эксплорэйшн" ХХК нь Дөрвөлжин сумын нутагт 2008 оноос хойш ашигт малтмалын хайгуул болон алт олборлох үйл ажиллагааг явуулж буй компани юм. 

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ