Энэ жил Завхан аймагт гурван чиглэлд авто замын ажил хийгдэнэ гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-15 22:31:51

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдох хугацаа ойртсоор байна. Учир нь өнгөрсөн жил Загастайн давааны замыг засч сайжруулснаас гадна Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай автозамын ажил эрчимтэй явагдаж 60 км замыг ашиглалтанд өгсөн ажээ.
Харин өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн 114 км хатуу хучилттай замыг бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлээд байна. Мөн  Загастайн давааны 67 км замыг хатуу хучилттай болгох ажлыг гүйцэтгэх тендерт БНХАУ-ын “СССС” ХХК шалгарч,  энэ сараас эхлэн ажлаа эхлээд байна. Ийнхүү Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 180 км зам хатуу хучилттай болсноор Завхан аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдох ажээ. Дашрамд дуулгахад  Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын ажлыг БНХАУ-ын компани концессийн гэрээгээр гүйцэтгэхээр шийдвэрлэж, дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс ажлаа эхлүүллээ. 167 км хатуу хучилттай автозамыг 2019 оны аравдугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Мөн Тэлмэн сумын Нуур багаас эхэлсэн энэхүү автозам ашиглалтанд орсноор Завхан аймгийн хойд чиглэлийн сумууд хатуу хучилттай автозамтай болох юм байна. Энэ жил Завхан аймагт гурван чиглэлд хатуу хучилттай автозамын барилгын ажил явагдах юм байна. Зам хатуу хучилттай болсноор иргэдийн цаг, мөнгийг хэмнээд зогсохгүй, орон нутгийн хөгжил эдийн засаг сайжирна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ