Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийг хадгалан хамгаалах хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-03 15:11:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Монголын Үндэсний номын сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ-онол, практикийн хурлыг өнөөдөр Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхимд зохион байгуулав.

Энэ удаагийн хурал нь хальс, чулуу, модонд шингэсэн соёлын баримтат өвийг авч үзэж буйгаараа онцлог бөгөөд хуралд оролцогчид Үндэсний архивын газар, МҮОНТ, музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа соёлын баримтат өвийн ангилал, төрөл зүйл, хадгалалт хамгаалалтын орчин нөхцлийн талаар илтгэл хэлэлцүүлэв. Мөн ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Үндэсний музейн мэргэжилтнүүд өнөөдөр олон улсад ашиглаж байгаа хадгалалт хамгаалалтын орчин нөхцлийг бүрдүүлэх стандарт, сэргээн засварлах арга зүй, аргачлалын туршлагыг танилцуулан, соёлын өвийг хадгалж хамгаалах асуудлыг цогц байдлаар авч үзэн олон нийтэд хүргэж буйгаараа ач холбогдолтой.
Бичиг үсэг, дүрс, дуу авиан гэх мэт олон арга хэлбэртэй соёлын баримтат өв нь улсын түүх, хэл, соёл, ёс заншлыг тээн хадгалж байдаг тул эрдэм шинжилгээний чухал хэрэглэгдэхүүн болдог.Зориулалтын байр, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан үндэсний эдгээр үнэт өв гэмтэж муудсаар байгаа тул хадгалан хамгаалах хэрэгтэй гэдгийг энэ үеэр мэргэжилтнүүд хэлж байлаа.
Хуралд дүрс, дуу авианд шингэсэн соёлын баримтат өвийн талаар 10 орчим илтгэл тавьж хэлэлцүүлэв. СГЗ, Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт “Музей, архив дахь гэрэл зургийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал” сэдэвт илтгэлдээ, “Монголчууд гэрэл зураг авч, авахуулж эхэлсэн нь 1870-аад он буюу 150-иад жилийн түүхтэй. Гэрэл зургийн баримт нь Монголын судалгаа шинжилгээний эх баримт хэрэглэгдэхүүн болдог. Өмнө нь судлаач, түүхчид гэрэл зурагт ач холбогдол өгдөггүй байсан бол сүүлийн үед тусгайлан судалснаар соёлын баримтат өвийн асар том хэрэглэгдэхүүн болсон. Ер нь музей болон хувь хүмүүсийн гарт байгаа Монголын холбогдолтой гэрэл зургуудыг цуглуулах, монголд буй гэрэл зургуудыг мэргэжлийн өндөр түвшинд хадгалж хамгаалах шаардлагатай. Мөн гадаадад буй монголын тухай гэрэл зургуудыг олж нэгдсэн системд оруулах хэрэгтэй байна. Улаанбаатар хотын музейд цаасан гэрэл зургийн 2000 гаруй, негатив хальсны 3000 гаруй өвтэй. Үүнийг орчин үеийн  тохируулан скайнердаж, хадгалж, бүртгэлжүүлж хаягжуулж байна” гэв.

Дашрамд дурдахад, 2014 онд Монголчуудын оюун ухаанаар бүтээгдсэн соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл, мэдээллийн сан үүсгэн судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах цогц ажлыг төлөвлөж багтаасан "Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр"-ийг баталсан билээ. Хөтөлбөрийг 2015-2017, 2017-2022 он гэсэн үе шаттай хэрэгжүүлэх юм. 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
 

Холбоотой мэдээ