Цаг үедээ нэр төртэй амьдрахын үлгэр дууриаллыг "Өндөр Гэгээн" дуулалт жүжгээс үзээрэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-02 14:31:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл "Өндөр гэгээн" дуулалт жүжиг энэ сарын 05, 08-нд  УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.
Ертөнцийн буурал түүхэнд нүүдэлчин ард түмний суу билгийг сийлж үлдээсэн мэргэд, хаад жанжид алдар цуутан цөөнгүй. Эдгээр суу билэгтнээ Монгол түмэн, залуу хойч үеийнхэндээ таниулах үүднээс жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт Ц.Бавуудорж бичжээ.
Тус жүжиг Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн нэрт зүтгэлтэн Г.Занабазарын бага наснаасаа буддын сургаал номлолд суралцаж шашин номыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, шинэ иргэншлийг төлөвшүүлэх үндэсний эв эеийг бэхлэн эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрмэлзэж явсныг нь хувь хүний талаас нээхийг зорьжээ. Жүжиг бүхэлдээ Г.Занабазарын залуу насны гэгээн дурдатгал, суу билгийнх нь гялбаа, тусгаар тогтнолоо гэсэн энэлэл, Монгол минь мөнх оршиг хэмээсэн мөнхийн залбирал тэргүүтнийг нь хэлхсэн халуун дулаан хүүрнэл юм.
“Өндөр гэгээн” төслийн удирдагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, ерөнхий продюссерээр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, гүйцэтгэх продюссерээр Хөгжимт жүжгийн театрын дарга СТА Г.Солонго, зохиолч Төрийн соёрхолт Ц.Бавуудорж, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од нар тус тус ажиллажээ.
Найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ, "Өнгөрсөн 3 дугаар сард үзэгчдэд хүрсэн энэхүү дуулалт жүжгийг бүтээх явц жил гаруй үргэлжилсэн. Завхан аймагт нийт 15 удаа тайзнаа тавьсан дуулалт жүжиг “Гэгээн Муза” наадмын хоёрдугаар шатанд тэнцэж, 6 төрөлд нэр дэвшээд байна. Энэ нь хэр чансаатай бүтээл болсныг илтгэж байна. Өндөр гэгээн бол Монголыг дэлхийд таниулж буй суут соён гэгээрүүлэгч. Цаг үедээ тухайн хүн өөрийнхөө нэрийг үлдээх, нэр төртэй амьдрахын үлгэр дууриалал Өндөр Гэгээний амьдралаас тод харагдана. Бид түүхийг шүүж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.  Өнгөрсөн бүхнээс бид хэрэгтэй, хойч үеийнхэнд сургамж болох, тархи оюунд нэмэр болох бүхнийг  бүтээл болгож өнөө цагийн үзэгчдэд хүргэхийг зорьдог. Тэгэхээр Өндөр гэгээн гэдэг хүн Монголд ямар хувь нэмэр оруулсан, шашин талаасаа ямар мэдлэг боловсролыг түгээж байсан, урлаач, уран бүтээлч хүний хувьд ямар гайхамшигтай хийцийг бидэнд өв болгож үлдээв гэдгийг энэхүү жүжгээр харуулна” гэв.
Энэхүү дуулалт жүжиг “Гэгээн Муза-14” олон улсын театрын наадамд Шилдэг найруулагч, хөгжмийн зохиолч, зураач, эрэгтэй, эмэгтэй  гол, туслах дүрийн төрөлд өрсөлдөж буй юм.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ