Бодит явдлаас сэдэвлэсэн “Яллагч” кино үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-01 18:09:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Найруулагч Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтран найруулсан, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” уран сайхны кино маргаашнаас кино театруудаар гарч эхэлнэ.

Энэхүү кино нь найруулагч Г.Эрдэнэбилэгийн бие даасан гурав дахь бүтээл юм. Өмнө нь тэрбээр “Академи авардс-2015” наадмын шилдгийн шилдэг уран бүтээлээр шалгарсан “Аав”, “Үргээлэг-2” уран сайхны киног найруулсан бол энэ удаа уг киноны ерөнхий продюссерээр ажиллаж, гол дүр Галтын дүрийг бүтээжээ. Тэрбээр хэлэхдээ, “Эцэг эх нь хол ажиллаж, амьдарч байхад тэднийгээ үгүйлэн, харж хамгаалах хүнгүй өсч байгаа хүүхдүүд хичнээн байгаа бол? Монголын өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилж киногоороо хөндөж гаргахыг хичээсэн. Гэхдээ бас айхтар хар бараан талаас хүмүүс битгий ойлгоосож гэж хүсэж байна. Хэдийгээр ОХУ-д болсон үйл явдал боловч бид аль болох цус нөж, хүчирхийллийг дэлгэцэн дээр үзүүлэхээс зугтаахыг хичээж, уран сайхны аргаар харуулсан” гэв.

Галт нь уг киноны Яллагч, Ялагч юм. Киног хоёр жилийн өмнө ОХУ-д болсон Андрей Каравайкины бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. Киноны үйл явдал нь Солонгост 10 жил хараар ажиллаж, гэр бүл, охин Сүүнтэргэлдээ бүхнээ зориулсан Галт гэртээ буцаж ирснээр эхэлнэ. Түүнийг онгоцны буудал дээр цовоо хөөрхөн охин нь биш уйлсан, цөхөрсөн эхнэр нь ганцаараа угтана. Монголын өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай бүхний өмнө хүчин мөхөсдөх эцэг хүний өвдөг нь сөхөрсөн ч сэтгэл сөхрөхгүйгээр бүгдийг өөрийнхөөрөө шийдэж, шийтгэнэ.
Харин киноны эсрэг дүрд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ тогложээ. Гаднаа сайн хүн мэт харагдах ч үнэндээ мөнгөөр бүхнийг шийддэг баян бизнесмэний дүр юм. Киноны дүрүүдэд Г.Маргад-Эрдэнэ, Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нар дүр тогложээ.
Энэхүү киноны албан ёсны нээлт энэ сарын 03-нд Корпорэйт “Корпорэйт конвэйшн центр”-т болно.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ