Д.Трамп: Сирийн эсрэг ямар хариу арга хэмжээ авахаа "тун удахгүй" шийднэ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-13 09:25:50
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн давшилт үйлдсэн гэх хэргийн хариуд ямар хариу арга хэмжээ авахаа “тун удахгүй” шийдвэрлэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп пүрэв гарагт буюу өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Өнөө орой би Сирийн асуудлыг холбогдох албаны хүмүүстэй ярилцана. Сирийн эсрэг ямар арга хэмжээ авахаа тун удахгүй шийднэ” гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газар руу Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газрын хүчнийхэн “химийн давшилт” үйлдсэн гэж Д.Трампын засаг захиргаа үзэж байгаа юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Сирийн засгийн газрын хүчнийхэнд ямар хариу арга хэмжээ авахаа Д.Трамп судалж байгаа билээ. Авч болох хариу арга хэмжээнүүдийн дунд “цэргийн цохилт” өгөх хувилбар ч яригдаж байгаа юм.

Д.Трамп мөн хэлэхдээ “Бид нөхцөл байдлыг маш нухацтай ажиглаж байна. АНУ “Лалын улс” бүлэглэлийг “бараг л бүр мөсөн устгаад” байна. Гэтэл одоо бид Сирийн засгийн газрын эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй болоод байна. АНУ-ыг ийм байдалд оруулсан нь “тун тоогүй” хэрэг” гэжээ.
Г.Доржханд

Холбоотой мэдээ