ОХУ-ын БХЯ-ны сайд С.Шойгу Монголд айлчилна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-04-05 23:55:30
Москва /МОНЦАМЭ/.  Москвагийн Олон улсын аюулгүй байдлын VII бага хурлын хүрээнд ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгу Монгол Улсын БХЯ-ны Сайд Н.Энхболдыг хүлээн авч уулзлаа.
 Уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцээд Монгол Улсын БХЯ, ОХУ-ын Холбооны Цэрэг-техникийн хамтын ажиллагааны алба хамтран гурав дахь дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг эхлүүлэхээр ажиллаж буйг сайшаав. 
 Уулзалтын эхэнд ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгу Монгол Улсын БХЯ-ны сайд Н.Энхболдод Москвагийн Олон улсын аюулгүй байдлын VII бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд энэ оны 9 дүгээр сард Монгол Улсад ажлын айлчлал хийх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.
 
Тэрбээр “Бид өмнө нь Улаан армийн 100 жилийн ойн баярын үеэр уулзсан нь ОХУ, Монголын харилцаа зөв чиглэлд хөгжиж, урьдын адил нөхөрсөг, ах дүүсийн найрамдалт харилцаа хэвээр буйг харуулсан.  Таныг Москвад хүрэлцэн ирсэнд баяртай байна. Бидэнд  цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд ярилцаж шийдвэрлэх олон ажил бий” хэмээн онцлов.
 
БХЯ-ны Сайд Н.Энхболд Монгол Улсад цэрэг техник, боловсон хүчин бэлтгэхэд туслалцаа үзүүлдэгт ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгуд талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн Газар ОХУ-тай харилцах харилцаанд үргэлж чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгуг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг уриад, цаашдаа батлан хамгаалахын салбарт хоёр талдаа ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа онцолсон юм. 
 
Л.Нандиа
 
 

Холбоотой мэдээ