Египетийн ерөнхийлөгчөөр Сиси улиран сонгогдов

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-04-03 08:33:35
КАИР. /Ройтерс/. Египетийн ерөнхийлөгчөөр Абдель-Фаттах аль-Сиси улиран сонгогдсон тухай тус улсын СЕХ мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

Абдель-Фаттах аль-Сиси 97.08 хувийн саналаар буюу нийтдээ 21835387 хүний саналаар улиран сонгогдсон бол түүний өрсөлдөгч Мусса Мостафа Мусса 2.92 хувийн санал буюу 656534 хүний санал авсан байна.

Тус улсын СЕХ-ны мэдэгдэлд дурдсанаар, 1762231 саналыг хүчингүйд тооцжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Сиси телевизээр үг хэлэх үеэрээ “Ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахын төлөө би чадах бүхнээ хийх болно" гэсэн байна.

Сиси нь 2013 онд цэргийн эргэлт зохион байгуулан Ерөнхийлөгч Мухамед Мурсигийн засаг захиргааг түлхэн унагаасан хүн бөгөөд үүний дараа жил болсон ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байсан юм.

Египетийн саяын сонгуулийг шударга болсон гэдэгт гадна, дотныхон эргэлзэж байна. Учир нь цорын ганц өрсөлдөгч гэх Мусса Мостафа Мусса нь Сиси-г дэмжигчдийн нэг ажээ.

 
Г.Доржханд

Холбоотой мэдээ