Орон сууцны нийтийн эзэмшлийн газрыг хариуцах эзэнтэй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-30 14:08:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хотын дарга С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нэмэгдсэн юм.
 
Тухайлбал, дээрх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр захирамж гаргаж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу бидний нэрлэж заншсанаар Дөчин мянгатын 13 дугаар байрны дэргэдэх олон жил маргаантай байсан нийтийн эзэмшлийн талбайг /2245 м2/ “Дөчин мянгат 13” Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлж, тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барих зориулалтаар ашиглах эрхийг баталгаажуулсан нь тухайн орон сууцны оршин суугч, иргэдийн талархалыг хүлээсэн үйл ажиллагаа болсон.
 
Гэвч нийслэлийн ихэнх орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй, эсвэл орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газарт аж ахуйн зориулалтаар газар олгосноос үүдэн оршин суугчдад зориулан ногоон байгууламж, тоглоомын талбай барьж, тохижуулах боломж хязгаарлагдмал байна.
 
Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 43,8 хувь буюу 621.637 иргэн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийт 1018 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж байна. Эдгээр холбоодоос дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь өнөөг хүртэл тухайн орон сууцны байшингийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг баталгаажуулж аваагүй байна.
 
Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, орон сууцны орчны газар ашиглалтыг сайжруулж, зөрчлийг арилгах, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг харьяалах Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлэх ажлыг зохион байгуулах “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” 1 сарын аяныг эхлүүлснээ зарлав.
Ч.Ариунболд
 
Холбоотой мэдээ