Шүлхийн голомтонд ажиллаж байсан залуус хүний аминд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-02 16:44:18
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүрд сумын шүлхийн голомтонд хязгаарлалтын дэглэм сахиулж байсан албан хаагчид хүний аминд хүрчээ. Хэрэг энэ сарын 25-ны өдөр гарсан бөгөөд Бүрд сумаас дайчлагдан ажиллаж байсан багш залуу хууль, хүчний алба хаагчидтай маргалдан зодолдсоны улмаас биедээ гэмтэл авч нас барсан байна.
Хэрэгт аймгийн Цагдаагийн газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын албаны алба хаагчид холбогдож байгаа бөгөөд энэ талаар аймгийн Цагдаагийн газраас тодруулах гэтэл мэдээлэл авах боломж байсангүй.
Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Бэхбаяр хэлэхдээ “Энэ хэргийг Цагдаагийн газар шалгаж байгаа учраас мэдээллийг тэндээс ав. Манай алба хаагчид одоогоор ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байгаа болохоор хэрэгт холбогдоогүй болохыг баталсан байх” гэсэн хариултыг өглөө. Мөн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир “Энэ талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна” гэсэн юм. Албаны бус эх сурвалжийн мэдээлснээр аймгийн Цагдаагийн газрын албан хаагч уг хэрэгт холбоотой аж. Хэргийг Хархорин сумын Цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ