Гарал үүслийн гэрчилгээгүй малыг нутагтаа нэвтрүүлэхгүй байх чиглэл өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай сумдын Засаг дарга нарт чиглэл өглөө.
Уг чиглэлд сум, орон нутгийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах арга хэмжээ авах, өөр аймаг, сумын газар нутагт оторлосон болон отроор ирж буй малыг Мал эмнэлэг, үржлийн тасаг, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн үзлэгт хамруулж, тухайн орон нутгийн мэргэжлийн байгууллагын эрүүл болохыг баталгаажуулсан мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээгүй малыг нэвтрүүлэхгүй байхыг үүрэг болгосон байна.
Шинэ он гарснаас хойш манай улсын дөрвөн аймгийн есөн суманд малын гоц халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар малын гоц халдварт өвчний үүсгэгч хил хязгаараас үл хамааран голомт нь тэлж, тархалт нь нэмэгдэж байгаа аж.
2013 онд тус аймгийн Алтай, Сагсай, Улаанхус сумдын нутгаар шүлхий өвчин гарч байсан тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дээрх арга хэмжээг авч байгаа юм.
Ө.Нурболат