Багш нарыг чадавхжуулах сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-18 09:25:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежер, бүх судлагдахууны сонгох хичээл зааж буй ахлах ангийн болон 1-5 дахь жилдээ ажиллаж буй бага ангийн багш нарыг чадавхжуулах сургалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг сургалтын аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зохион байгуулсан бөгөөд төрийн өмчийн 37, хувийн өмчийн 6, нийтдээ 43 сургуулийн 530 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч хамрагдаж байна. Сургалтын үйл явцын талаар аймгийн БСУГ-ын дэд дарга А.Еркегүлээс тодруулахад: "Багш, сургалтын менежерүүдэд аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар баталсан "ЭЕШ-ын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр", "Бага боловсрол, эх хэл, монгол хэлний чанарыг сайжруулах дэд хөтөлбөр" болон тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга зам, багш, эцэг эхчүүдийн үүрэг оролцооны талаар танилцууллаа. Мөн сумдын монгол хэлний багш нар урьдчилсан өгсөн сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна. Бусад сонгох хичээл заадаг багш нар ч хоорондоо туршлага, мэдлэгээ солилцон багаар ажиллаж байгаа. Бидний өнөөдрийн үйл ажиллагаа маань ЭЕШ-ын онооны түвшинг ахиулахад чиглэгдэж байна" хэмээн тайлбарлалаа.  

Өчигдөр сургалтын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож төр засаг болон аймгийн удирдлагын зүгээс боловсролын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар товч танилцуулга хийсэн юм.

Багш нарыг чадавхжуулах сургалт өнөөдөр өндөрлөнө.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ