Хамтын тэтгэврийг 20 хувиас бууруулахгүй олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-19 19:04:58

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүний өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Хууль нийгэмд их хүлээлт үүсгэж байна. Хууль батлагдах байх. Тодотгол хийнэ гэсэн үг үү. Улсын төсөвт хэр их ачаалал ирэх вэ” гэсэн асуудлыг тодруулав. Түүний асуултад УИХ-ын гишүүн А.Бакей, “Ирэх оны төсөв батлагдсан тул 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хууль хэрэгжихээр тусгасан. Улсын төсөвт хэр ачаалал ирэхийг бас тооцсон. Улсын хэмжээнд 240 гаруй мянган тэтгэвэр авагч байдаг. Эдгээрээс зэрэг тэтгэвэр авагч байх магадлалтай хувийн жин 40 орчим хувь байна. Тэдгээр эхнэр нөхөр хоёрын аль нэг нь нас барах магадлал 4 хувь буюу улсын хэмжээнд 4000 хүн байна гэж гарсан. Үлдэж буй 4000 хүнд хамтын тэтгэвэр олгоё гэвэл жилд 3,1 тэрбум төгрөг шаардлагатай.Хуулийн буцаан хэрэглэхээр болж байгаа. Хэрэв 5 жилээр буцаан хэрэглэвэл шаардагдах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Мөн нас барсан хүний тэтгэврийн хэдэн хувийг эхнэр нөхөрт нь олгох вэ гэдгийг ярилцаад 20 хувиас доошгүй байна гэж тогтсон. Энэ бол үлдэж байгаа хүнд 20 хувиар тэтгэврийг нь нэмж байгаатай адил юм” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд, “Одоо тэтгэвэр авч буй иргэдийнхээ тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлээд явах байсан юм биш үү” гэсэн асуултыг тавьсан. УИХ-ын гишүүн А.Бакей, “Өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд ажлын хэсэг асуудлыг ярьсан” хэмээн Н.Энхболд гишүүний асуултад хариулсан юм. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин амьд сэрүүн байгаа иргэдийнхээ тэтгэврийг нэмэх нь зүйн хэрэг гээд сонгууль дөхөхөөр энэ асуудлыг хөндлөө хэмээн шүүмжилсэн.

УИХ-ын гишүүн А.Бакей, "Энэ хуулийг сонгууль дөхөхөөр хөндөж байгаа хэрэг биш. Хууль өргөн бариад хоёр жил болж байхад МАН-ын гишүүд ажлын хэсгийн хуралдаандаа ирдэггүй. Бусад хуулийг "барьцаалсаар" өнөөдрийг хүрсэн. Ингэж удаж хэлэлцээгүй бол төсөв батлагдахын өмнө хуулиа батлах боломж байсан" гэв. Хэлэлцүүлгийн шатанд хуулийг 5 жилээр буцаан хэрэглэх заалт маргаан дагуулсан ба МАН-ын бүлгийн гишүүд шаардлагатай төсөв байгаа эсэхийг лавлаж байв. Мөн энэ хуулийг хэлэлцэхгүй байсан шалтгааныг хууль буцаан хэрэглэх заалттай холбож тайлбарлах гишүүн ч гарлаа. Ингээд хуулийг буцаан хэрэглэх санал 54,3 хувиар дэмжигдсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд, "Маргаантай асуудал тул дахин боловсруулах хэрэгтэй" гэсэн чиглэл өглөө.  Тэрбээр мөн үеэр, "Насаараа хамт амьдарсан улсыг урамшуулж байгаа хэрэг шүү дээ” гэсэн нэмэлт тайлбар хийж байсан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан 18:45 минутад өндөрлөв.

Б.Туул

Холбоотой мэдээ