Ямар ч зүйлийг мартаж чаддаггүй эмэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-09 00:42:12
МОСКВА./Би-Би-Си/. Дэлхийд ховор тохиолддог “гипертимез” буюу "хэт санах ойн хам шинж"-ээр өвчилсөн нэгэн бүсгүйн тухай “Би-Би-Си” телевизийн сурвалжлагыг орчуулан хүргэж байна.

Зарим хүмүүс амьдралдаа тохиолдсон үйл явдал бүрийг санаж чаддаг байна. Ийм байх нь сайхан болов уу? Тэд яаж амьдардаг бол?
“Намайг ганцхан долоо хоногтой байхад ягаан өнгийн даавуун хөнжлөөр ороож байсныг би санадаг. Ээж намайг гар дээрээ авах бүрт би мэддэг байсан. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч зөн совингоороо үүнийг мэдэрдэг байлаа” хэмээн Австралийн Брисбэн хотын оршин суугч 27 настай бүсгүй Ребекка Шэррок ярьжээ. Ихэнх хүн голдуу дөрөв орчим настайгаасаа аливаа зүйлийг санаж эхэлдэг тул Р.Шэррокийн түүхийг жинхэнэ ой санамж биш зүгээр нэг төсөөлөл  гэж таамаглахад хялбар.
Гэсэн хэдий ч  эмч нар түүнд тун ховор тохиодог “гипертимез” буюу “хэт санах ойн хам шинж”-тэй гэсэн онош тавьжээ. Энэ хам шинжийг анх 2000 оны эхээр илрүүлж байсан бөгөөд одоогоор дэлхийд гипертимезын хам шинжтэй 60 хүн л бүртгэгдсэн байдаг гэнэ. 
Гипертимезийн хам шинжтэй хүмүүс нь маш их хэмжээний мэдээллийг сэргээн санах чадвартай байдаг аж. Тухайлбал, тэд амьдралынхаа ямар ч үед болсон үйл явдлыг тод санах чадвартай байдаг бөгөөд тухайн үед яг юу хийж байсан, хаана байсан, ямар хувцас өмссөн байсан зэрэг зүйлийг агшин зуурын дотор төвөггүйхэн санадаг байна. Тэд нийгмийн амьдралын мэдээлэл төдийгүй өөрийнх нь амьдралд тохиож байсан үйл явдлуудыг яг л дүрс бичлэг тоглуулагч шиг нарийвчлалтайгаар ой санамжиндаа нэг бүрчлэн сэргээн санаж чаддаг байна.
Бага байхдаа Р.Шэррок бүх хүнийг өөртэйгээ адилхан гэж боддог байжээ. Харин нэг удаа түүний эцэг эх гипертимезийн хам шинжтэй хүмүүсийн тухай зурагтаар гарч байгааг түүнд дуулгасан байна.
“Энэ өдөр бол 2011 оны нэгдүгээр сарын 23 байсан. Нэвтрүүлэгт оролцогчид санаж байгаа зүйлийнхээ талаар дэлгэрэнгүй ярихад сурвалжлагч нар “итгэмээргүй, гайхалтай юм” хэмээн давтан хэлж байсан.
“Яагаад гайхалтай гэж? Гаж биш гэж үү?” гэж би эцэг эхээсээ асуусан. “Тийм ээ гаж. Чи ч гэсэн ийм хам шинжтэй” гэж тэд ярьж байсан юм” хэмээн Р.Шеррок ярьсан байна.
Р.Шеррокийн эцэг эх уг нэвтрүүлэгт оролцож байсан эрдэмтэдтэй холбогдсон байна. Ийнхүү эмч нар 2013 онд Р.Шэррокт гипертимезийн хам шинжтэй гэсэн онош тавьжээ.
Гипертизезийн хам шинжийг эрдэмтэд судалсаар байна. Энэ бол шинэ үзэгдэл юм. “Ийм хам шинжтэй хүмүүсийн урт хугацааны ой тогтоолтыг хариуцдаг тархины хэсэг нь энгийн хүнийхээс илүү том байдаг” гэж зарим эрдэмтэд таамаглаж байна.   
Гипертимезийн хам шинжтэй хүний тархинд дурсамж итгэхийн аргагүй тод бичигддэг байна. Эрдэмтдийн сонирхлыг ихээр татдаг энэ үзэгдэл нь ийм хам шинжтэй хүмүүст тун төвөгтэй санагддаг аж. “Дурсамжууд нь эмх цэгцтэй зохион байгуулагдсан байдаг” гэж ийм хам шинжтэй зарим хүн ярьж байсан боловч Р.Шеррокийн хувьд түүний тархи хогоор дүүрсэн мэт санагдах бөгөөд өнгөрсөн үеийн дурсамжуудынх нь байнгын сэтгэл зовнил нь түүний толгойг өвтгөж, нойргүйдэхэд хүргэдэг ажээ. Р.Шеррок сэтгэл гутралд орж, ер бусын ой тогтоолт нь түүнийг “сэтгэл хөдлөлийн цаг хугацааны машин” болгон хувиргажээ.
“Гурван насандаа тохиолдсон зүйлээ санах үедээ би яг л гурван настай хэвээрээ байгаа юм шиг тухайн нөхцөл байдалд сэтгэл хөдлөлтэйгээр дахин дахин санаа зовнидог” хэмээн тэрбээр ярьжээ.
Гэсэн хэдий ч Р.Шэррок сөрөг дурсамжуудтайгаа тэмцэхийн тулд эерэг дурсамжуудаа ашиглаж сурчээ. Тэрбээр ярихдаа “Сар бүрийн эхэнд би өмнөх саруудад тохиолдсон хамгийн сайхан дурсамжуудаа цуглуулдаг. Ингэснээр миний сэтгэлийг гонсойлгодог өнгөрсөн үеийн улигт дурсамжуудыг даван туулахад тусалдаг юм” гэжээ.  
Гипертимезийн хам шинжтэй хүмүүс нь нийгмийн амьдралын тодорхой нэг өдрийн мэдээллийг эргэн санаж чаддаг байна. Гэхдээ энэ нь ямар нэгэн байдлаар тэдний хувийн мэдрэмж болон сонирхолтой холбоотой байдаг аж. Түүнээс гадна ийм хүмүүс бидэнд ертөнцийг хүүхдийн нүдээр эргэн харах боломжийг олгодог байна.
Р.Шэррок амьдралынхаа бараг бүх л өдрийг хурц тод санадаг хэдий ч нэг л үйл явдлыг санадаггүй гэнэ. Түүнийг яаж төрүүлж байсныг тэр санадаггүй аж. 

 

Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ