Ханиад, томууны үед хүүхдээ асарсан эх, эцэгт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-28 16:21:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлгийн орны хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа энэ үед бэлэн байдлыг хангах зорилгоор Засгийн газраас нийт 2.4 тэрбум төгрөг гаргахаар болж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 30 ортой тасаг нээн ажиллуулж, өвчтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхэд цалинтай чөлөө олгох шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнөөдөр гаргажээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийв.

Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үед бэлэн байдлыг хангах үүднээс хүүхдийн эмчилгээ, үйлчилгээнд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ. Энэ мөнгийг нэн шаардлагатай хүүхдийн амьсгал, утлагын аппарат, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авах, эмч, ажиллагсдын илүү цагийн хөлс олгох, анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх дамжааны оюутан, резидент эмч, ахмад эмч нарыг ажиллуулахад зарцуулах юм байна.

Мөн томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай /01-03 дугаар сард/ үед тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан, ажил хийж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад зөвлөмж болгожээ. Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн нийт 869 оронд 1491 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Цаашид нийслэлийн 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулж, “Хүрээ” амаржих газрыг шилжүүлэн суурин дээр нь 300 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах талаар судалж, шийдвэрлэхийг үүрэг болгожээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 9.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос гурав, сүүлийн гурван жилийн дунджаас нэг хувиар илүү гэсэн үг юм. Өвчлөгсдийн 55 орчим хувийг дөрөв хүртэл насны хүүхэд эзэлж байна. Хэрэв амбулторийн үзлэгийн хувь 10 хувиас давбал томуу, томуу төст өвчин дэгдлээ гэж үзэн, 15 хувьд хүрвэл олон улсын стандартаар карентинь тогтоох шаардлага үүсэх аж. Тиймээс тандалт судалгаагаар 1, 2 дугаар сард дэгдэлт ихсэх хандлагатай байгааг үндэслэн дээрх арга хэмжээг авч, урьдчилан бэлтгэж байна хэмээн Эрүүл мэндийн сайд хэлж байв. 

Томуу, томуу төст өвчин зөвхөн манай улсад бус дэлхий дахинд ихсэх магадлалтай байгаа бөгөөд 4-6 төрлийн вирусаар хүндрэх хандлагатай байгаа аж. Ирэх 2018 онд нийслэлийн түвшинд бүх хүүхдүүдээ хатгааны эсрэг вакцинаар хангах төсвийг Засгийн газар шийдсэн бөгөөд 2017 онд утааны голомтод амьдарч байгаа 40 мянган орчим хүүхдийг хамруулж чаджээ. 


 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ