АТГ-ын албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-28 14:54:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

2014 оны Монгол Улсын төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газраас “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолоор төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг нэмсэн бөгөөд Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт зааснаар тус газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг УИХ-аас тогтоодог учраас цалин нэмэгдээгүй, 2011 оны тогтоолоор тогтоосон хэмжээгээр байгаа аж.

Тус газрын албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо баталсан төсвийн хэмжээг харгалзан ирэх оны төсвийн цалингийн сандаа багтаан 30 хувиар нэмэгдүүлэн тооцжээ. Энэ онд тус газрын албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 30 хувиар нэмэгдүүлэн тогтоож, хэлтэс, албаны туслах ажилтныг жагсаалтад нэмж оруулснаар төсвөөс ямар нэгэн нэмэлт санхүүжилт шаардагдахгүй ба байгууллагын 2018 оны төсвийн нийт зардалдаа багтаан зохицуулах аж.

Гишүүд хууль хяналтын байгууллагын ажилтнуудын цалинг ингэж ээлж дараалан нэмээд байдаг атлаа төрийн албан хаагчдын цалинг 2014 оноос хойш огт нэмээгүй байгаа. Иймээс цаашид төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг цогцоор нь авч үзэж нэгдсэн байдлаар зохицуулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэнээр тогтоолыг баталлаа.
Б.Туул
Холбоотой мэдээ