Москва дахь монгол оюутнууд “100 буудалт даам”-аар өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
173@montsame.mn
2017-12-20 10:35:33
Москва /МОНЦАМЭ/. Оюунлаг хөгжлийг дэмжигч "Ле мон” клуб нь 2013 оны 3 дугаар сарын 16-нд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл ОХУ-д сурч буй оюутан залуучуудын дунд хувь хүний хөгжил, баг хамт олны эв нэгдэлд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулсаар ирлээ. 
Тус клуб нь бакалаврын түвшний оюутнуудаас гадна мэргэжил дээшлүүлж буй судлаач, залуу эрдэмтдийг хамруулж чадсанаар оюутан залуус харилцан мэдээлэл солилцож, хамтран суралцаж, хөгжих боломжийг олгодог. Мөн Монгол Улсыг сонирхон судалдаг гадаадын залуу судлаач-оюутнууд болон дэлхийд нэрээ гаргасан “Монгол судлаачид”, “Монголын соёлын элч” гээд тэдний үйл ажиллагааг байнга дэмжин оролцдог нь зохион байгуулж буй үйл ажиллагааны цар хүрээ өргөн, хүмүүст өгөөжтэй ажил болдгийн илэрхийлэл юм.  "Ле мон" клубын үйл ажиллагаанд зөвхөн Москва хотод сурч байгаа оюутнаар хязгаарладаггүй ОХУ-ын өөр хотуудад сурдаг оюутнууд дэмжин оролцдог байна. 
2016 оноос эхлэн "Ле мон” клуб нь ОХУ дахь МЗХ-ны албан ёсны төлөөллөөр сонгогдон ажиллаж байгаа нь оюутнууд тэдний хийсэн бүтээснийг өндрөөр үнэлж улам их хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллах шаардлагатайг харуулж байна.
2018 оны 3 дугаар сарын 16-нд болох таван жилийн ойн баяртаа зориулж спортын 3 төрөлт тэмцээн явуулахаар төлөвлөснөөс нээлтийн арга хэмжээ болгож "100 буудалт даам"-ын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг энэ сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд Москвагийн Сурган хүмүүжүүлэх Улсын их сургуулийн аспирант М. Алтаншагай тэргүүн байр эзэлж алтан медаль, мөн тус сургуулийн магистрант Б.Золжаргал мөнгөн медаль, гутгаар байрыг Москвагийн Зам харилцааны их сургуулийн оюутан Золжаргал эзлэн хүрэл медаль хүртэж өргөмжлөл, мөнгөн шагналыг тус тус хүртлээ. Эмэгтэйчүүдийн шилдэг оролцогчоор Улс түмний найрамдлын их сургуулийн оюутан Хэрлэн шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв. Мөн тухайн тэмцээнийн шилжин явах цомын эзнээр хожил болон онооны давуугаар Москвагийн сурган хүмүүжүүлэх их сургууль тодров.
Тэмцээнд оролцогчид өндөр сэтгэгдэлтэй байж, зохион байгуулалт сайтай, суралцагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн үнэлсэн байна.

Холбоотой мэдээ