Налайхын нүүрсний уурхайн ашиглалтын асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-19 16:48:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран өнөөдөр “Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол, практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Засгийн газраас Налайхын нүүрсний уурхайн ашиглалтын асуудлыг хэрхэн зохицуулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн. Уурхайд хууль бусаар олборлолт хийж байгаа учраас осол эндэгдэл их гарч байна. Өнгөрсөн хугацаанд 250 гаруй хүн амь насаа алдсан, 750 гаруй хүн бэртэж гэмтсэн судалгаа байна. Одоогоор 1500 орчим хүн хууль бусаар нүүрс олборлож байгаа гэдэг ч аюулгүй байдлын анхан шатны шаардлага хангахгүй орчин, нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Зөвлөлдөх санал асуулга явуулснаар цаашид Налайхын нүүрсний уурхайг ямар байдлаар ашиглах талаар шийдвэрлэх боломж бүрдэнэ” гэв.

Дараа нь “Зөвлөлдөх ардчилал ба зөвлөлдөх санал асуулга” сэдвээр АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал төвийн захирал Жеймс Фишкин мэдээлэл өглөө. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал, асуулга явуулсантай холбогдуулж анхдугаар Зөвлөлдөх санал асуулга, түүний үр дүн, сургамж сэдвээр Үндсэн хууль судлаач Д.Ламжав мэдээлэл өгөв.

Түүнчлэн холбогдох байгууллагуудын төлөөлөл Зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбоотой мэдээллийг хүргэсэн. Төгсгөлд нь Зөвлөлдөх санал асуулгын аргачлалыг ашиглан цаашид зөвлөлдөн шийдвэрлэх асуудлаар асуулт, хариулт оролцогчдын дунд өрнөлөө. 
Н.Туяа
Холбоотой мэдээ