Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-17 18:15:59

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 92.9-100 хувийн саналаар төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Ингэснээр эдгээр хуулиудыг чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг гарган, нэгтгэхээр болж байна.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүдийн боловсруулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тусад нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Ингэхдээ уг хуулийг мөн хэлэлцэхийг нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн юм.

Уг хуулийн төсөл нь Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлттэй холбогдож гарсан зохицуулалт туссан тул ийн тусад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Б.Туул

Холбоотой мэдээ