“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-30 12:30:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих”  Үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, аргазүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгалаа.

Хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар амьдралынх нь чанарт бодит өөрчлөлт оруулах зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоонд бүрэн дүүрэн оролцох, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, статистик тоон мэдээллийг сайжруулахыг зорьж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. 

Дэнжийн 1000, Дамбадаржаа орчмыг хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхэд зарцуулах юм.

Дэнжийн 1000 дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо,  Дамбадаржаа дэд төв Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамардаг. Дэд төвүүдэд бохир усны шугам, гэрэлтүүлэг бүхий автозам, гүүр, дулааны дэд станц, үерийн хамгаалалтын суваг, цэцэрлэгт хүрээлэн, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг, спортын цогцолбор зэргийг барихаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний шатанд Баянхошуу болон Сэлбэ дэд төвд дулаан, цахилгаан, усан хангамж, автозамыг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ, бизнес инкубатор төв барьж байгуулжээ.

Товч мэдээ

·  “Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг судалж, шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулан байгуулав. Яам, хотын захиргаа хамтран арьс, ширний үйлдвэрүүдийг энэ онд багтаан Эмээлтийн үйлдвэрийн шинэ бүсэд шилжүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ