Томуугийн тохиолдлын ихэнхийг 0-15 насныхан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
byambasuren@montsame.mn
2017-11-29 18:35:28
Ховд /МОНЦАМЭ/ Энэ он гарсаар 47 дахь хоногийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 5313 хүн амбулаториор үйлчлүүлсний 271 нь томуу, томуу төст гэж оношлогдсон байна.
Үүнээс 38 нь уушигны хатгаагаар хүндэрч эмнэлэгт хэвтжээ. Нийт бүртгэгдсэн 271 томуугийн 240 тохиолдлыг 0-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
47 дахь долоо хоногийн байдлаар амбулаторид эзлэх томуугийн хувь 5,1 байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 0,5 хувиар их, өмнөх оны мөн үеийнхээс 1,4 хувиар их үзүүлэлт юм. Түргэн тусламжийн 232 дуудлагаас 37 нь томуугийн дуудлага байна.
Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлаа сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрахыг эмч нар зөвлөж байна.
Мөн хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, хүүхэд бүрийн халууныг өдөр бүр үзэх, халуунтай, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, сургууль дээр гар угаах нөхцөл боломжийг сайжруулах, нягтралыг багасгах, дулаан байх, агааржуулах, ариутгал, халдваргүйтгэлийг байнга хийх, халуун хоол, ундаар үйлчлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
                                                                                                                                            А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ