Тариалангийн газар нутгийг тэлэхээс илүүтэй нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-29 16:26:03
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын тариалангийн бүс нутгийн 60 гаруй хувь нь элэгдэл эвдрэлд орсон гэсэн судалгаа бий. Тодруулбал хөрсний ялзмагийн хэмжээ буурч байгаа нь тариаланчдын санааг чилээж буй асуудал юм. Тэгвэл өнөөдөр салбарынхан тариалангийн хөрсний бохирдол,  эвдрэл,  үржил шим, экологи, эдийн засгийн үнэлгээ болон хөрсний задлан шинжилгээнд тулгарч буй асуудлаар санал солилцлоо.

ХХААХҮЯ “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Хөдөө аж ахуйн их сургуультай  хамтран “Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг “Корпорейт конвеншн центр” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулсан юм.

Монгол Улс Атрын III аяныг өрнүүлснээр 100 хувь хүнсний ногоог дотооддоо тариалдаг болсон. Харин одоо тооноос чанарт шилжих цаг ирлээ. Тиймээс үр тариа, хүнсний ногоо тариалах хөрсөө эрүүлжүүлэхэд хамтын хүч хэрэгтэй гэдэгт салбарынхан санал нэгдсэн юм. Хөрсөө эрүүлжүүлж хамгаалахын тулд шинжлэх ухаанд суурилсан эрдэмтдийн судалгааг үндэслэх, мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх, тариаланчид хөрсөө шинжилгээнд өгч шим тэжээлийг нь  тодорхойлуулж нөхөх систем рүү шилжих хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, тариалангийн аж ахуй эрхэлж буй хүмүүс заавал мэргэжлийн агрономич ажиллуулах, мэргэжлийн бус аргаар ногоо, үр тариа тарьдгийг халах хэрэгтэй гэдэгт төвлөрсөн юм.

Социализмын үед Монгол Улс  1.2 сая га-д тариалан эрхэлж байжээ. Энэ нь нийт нутгийн 1 хувь аж. Өнөөдөр  тариалангийн газар нутгийг тэлэхээс илүүтэй нэгж талбайгаас авах ургацаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг зөвлөгөөнөөр хөндлөө. Тухайлбал Европын орнуудад нэг га-гаас  40-60 тонн ургац авч буй бол манайд 10-15 тонн ургац хураадаг байна. Өөрөөр хэлбэл бага хэмжээний газраас чанартай арвин  ургац авах жишиг рүү Монгол Улс явах зайлшгүй шаардлага гарч буйг илтгэгчид тодотгов.



ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнцэцэг ярихдаа, “Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Төрөөс хүнс хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын хүрээнд хүн амаа хүнсний аюулгүй бүтээгдэхүүнээр хангах зорилтыг тусгасан. Энэ хүрээнд манай яамнаас  жил бүр “Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” зөвлөгөөнийг зохион байгуулж,  хөрсийг хэрхэн хамгаалж, үржил шимийг нь сайжруулах вэ гэдгийг хөндөж ирсэн.  Өнөөдөр хөрсний үржил шимийг  хөндөхөөс өөрцгүй болоод байгаа. Сайшаалтай нь сүүлийн хоёр жилд тариаланчид бордоо, үржил шимийг ярьж, анхаардаг болсон.  Элэгдэл доройтол үржил шимийн асуудлаар энэ удаагийн зөвлөгөөнөөс  зөвлөмж гаргана. Эл зөвлөмжийн хүрээнд ямар ажил хийх шаардлагатай вэ гэдгийг тодорхойлох юм. Манай улс 750 мянган га эргэлтийн талбайг ашиглаж буйгаас 350 гаруй мянган га-д тариалан эрхэлж  байна. 750 мянган га-гаас 50 хувь нь цулгуй уринш хэлбэрээр үлддэг гэсэн үг.  Тиймээс цулгүй уриншийнхаа хэмжээг багасгаж ургамлын нөмрөг, сэлгээний таримал бий болгоход салбарын яам анхаарч ажиллаж байна. Түүнчлэн эрдэмтдийнхээ судалгаанд суурилах нь чухал. Манай эрдэмтэд гадныхнаас дутахгүй жинтэй судалгаануудыг хийдэг. Тухайлбал 1974 онд манай эрдэмтэд тариалан эрхлэхдээ хөмрүүлж хагалах аргыг халах шаардлагатай. Энэ арга талбайг элэгдэл эвдрэлд оруулах гол шалтгаан  болж байгааг судалгаагаар тогтоосон. Өнөөдрийн Данийн эрдэмтний ярьж буйг манай эрдэмтэд 43 жилийн өмнө ярьж байж. Энэ мэтчилэн манай салбарын эрдэмтэд чухал санааг дэвшүүлдэг ч ажил хэрэг болгоход хөрөнгө санхүүгийн асуудал гацаа үүсгэж буй нь нууц биш юм.  Тариалангийн талбайг эрүүлжүүлэхийн тулд химийн бордооноос татгалзаж, ногоон бордоог ашиглах, нөмрөг ургалмлыг түлхүү тариалах эрдсээр бордох нь  хөрсөнд ээлтэй. Түүнээс биш цулгуй уриншаа үлдээгээд химийн бордоо хэрэглээд байвал хөрс улам доройтоно” гэлээ.
 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ




Холбоотой мэдээ