Малын эрүүл мэндийн хуулийг олон улсын жишигт нийцүүлэн УИХ-аар яаралтай батлуулахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-28 16:59:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2017 он 11 сарын байдлаар 108 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нийт 21.5 мян.тн мах ОХУ, БНХАУ, ОХУ, Казахстан, Япон, Иран, Катар зэрэг улсад экспортолж, төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлжээ. Гэсэн ч Монголоос мах авах эрэлт өсөн нэмэгдсэн хэвээр байгаа тул Засгийн газар экспортын тоо хэмжээг эрчимтэй нэмэх бодлого хэрэгжүүлэхээр зэхэж байна. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэн нарын албаны хүмүүс мах, махан бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч “Мах маркет” ХХК, “Мах импекс” ХХК-иудын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.
Ерөнхий сайд эхлээд “Мах Маркет” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Мал нядлах, мах боловсруулах, хагас болон бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоод гадаадын борлуулалт, хадгалалт, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани 2004 онд байгуулагджээ. Олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо, стандартын шаардлагуудыг хангасан, МХЕГ-аар аттестатчлагдсан тус компанийн үйлдвэр Мах боловсруулах, Экспортын, Хөргөх гэсэн гурван хэсэгт хуваагддаг бөгөөд үндсэн үйлдвэрийн Эхлэн боловсруулах цех нь нэг ээлжиндээ 1000 толгой бог мал төхөөрөх, Шулах, ангилах цех нь 15-25 бод, богийн мал шулж, ангилах хүчин чадалтай юм байна. Хагас боловсруулах цех нь нэг ээлжиндээ 5 тонн бууз, банш хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр нь хоногт 20 гаруй нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүн гаргадаг аж.
Дулааны аргаар боловсруулах Экспортын үйлдвэр нь байгуулагдаад дөнгөж нэг жилийн нүүр үзэж байгаа ч хоногт 10 тонн чанасан мах, нэг тонн хатаасан мах үйлдвэрлэж байгаа юм байна. Цаашид тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлснээр хүчин чадлаа нэмэх бүрэн боломжтой талаар “Мах маркет” ХХК-ийн захирал Л.Болор танилцуулж байв. 



Байгуулагдсан цагаасаа хойш ОХУ руу экспорт хийж байгаад 2011 оноос зогсоосон аж. Учир нь малын үнэ нэмэгдсэн, өвчлөлийн улмаас хорио цээр тогтоосноор ОХУ-ын зах зээл хаагджээ. Тиймээс экспортын өөр гарц хайж БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан, Иран руу хөлдөөсөн, сэврээсэн хонины мах экспортолж эхлээд байна. 2017 оны 11 сарын байдлаар нийт 1330 тонн мах махан бүтээгдэхүүнийг дээрх хоёр орон руу экспортолжээ.

Мах махан бүтээгдэхүүний экспортыг цаашид нэмэгдүүлж, удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжтой ч хэд хэдэн бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудал байгааг Ерөнхий  сайдад хэлж байв. Тодруулбал эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйлдвэрээ өргөтгөх, техникийн шинэчлэл хийх, бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. Хамгийн гол нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд Малын эрүүл мэндийн хуулийг олон улсын жишигт нийцүүлэн УИХ-аар яаралтай батлуулах шаардлагатай байгааг онцлов. Учир нь гар аргаар мал нядлагчидтай үйлдвэрүүд өрсөлдөх боломжгүй байгаа бөгөөд үнийн хувьд 1000-1500 төгрөгийн ялгаатай байдгаас үүдэлтэй аж. Тиймээс Малын эрүүл мэндийн хуулийг баталж, дотооддоо эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр мах махан бүтээгдэхүүнээр хангах боломж нөхцлийг бүрдүүлж өгөх шаардлагатай хэмээн хэлж байв.



Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мах Импекс” ХХК-ийн үйлдвэр, үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн иргэдийг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнээр хангах, монгол махыг дэлхийн зах зээлд гаргаж экспортлох хоёр үндсэн зорилготой 1946 онд байгуулагдсан тус үйлдвэр өнөөдрийн байдлаар мал, мах бэлтгэн, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ оны есдүгээр сараас Иран улс руу дулааны аргаар бэлтгэсэн 1000 тн төлөгний мах, 1500 тн адууны махыг БНХАУ руу экспортлохоор бэлтгээд буй аж. 

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг ч байнгын үйл ажиллагаатай нь тун цөөхөн байдаг аж. Эдгээрийн төлөөлөл болсон дээрх хоёр компанитай танилцсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мах, махан бүтээгдэхүүний экспорт болон бусад асуудлаар Засгийн газрын барьж буй бодлогыг танилцуулсан юм.

Засгийн газрын хувьд, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлж, дан ганц уул уурхайн салбараас хараат байдлыг халахаар зорин ажиллаж байгаа. Ингэхийн тулд эдийн засгийг “хөтөлгөө морьтой” болгож, эхний ээлжинд хос, дараа нь олон тулгуурт болгох ёстой хэмээн Засгийн газрын тэргүүн үзэж буй. Нэн тэргүүнд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа, жижиг дунд үйлдвэрлээ хөгжүүлэн, малаа өсгөж, дотоодын махны хэрэглээгээ хангахаас гадна мал, махны нөөцдөө тулгуурлан экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж чадвал улс орны эдийн засаг тогтворжих бөгөөд үүнд үйлдвэрлэгчдийн оролцоо нэн чухал. Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хамтарч ажиллана хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байв.



Монгол Улс 2016 оны тооллогоор мал сүрэг 61.5 сая толгойд хүрсэн бөгөөд дийлэнх нь буюу 27.8 сая хонь, 25.5 сая ямаа, 3.6 сая адуу, 4.0 сая үхэр, 400 мянган тэмээтэйгээс гадна жилд 20 орчим сая төл хүлээн авч байна. Дотоодын махны хэрэгцээ жилд 10-12 сая толгой мал, мах бөгөөд энэ хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй жилд есөн сая толгой мал, мах экспортлох бүрэн боломжтой юм. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар нийт 21.5 мян.тн мах ОХУ, БНХАУ, ОХУ, Казахстан, Япон, Иран, Катар зэрэг улсад экспортлоод байна. Энэ тоог өнгөрсөн таван жилийнхтэй харьцуулахад махны экспорт дөрөв дахин нэмэгдсэн бөгөөд мөнгөн дүнд шилжүүлэн үзвэл энэ онд 108 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүний экспорт хийжээ. Энэ дүнг долоо дахин нэмэгдэх боломжтой гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Тодруулбал 2018-2019 онд 168 мян.тн мах экспортлох боломж бүрэн боломж байна хэмээн тооцжээ. 

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс энэ онд нийт 20 мян.тн адууны мах экспортлох квот тогтоосон нь 11 сарын байдлаар 100 хувьд биелээд байгаа юм. Цаашид ч адууны мах авах хүсэлт, захиалгаа ирүүлж буй улс орнууд олон байгаа. Тиймээс адууны мах бэлтгэхэд илүү анхаарч, экспортыг нэмэгдүүлэх эрэлт үүсч байна. Засгийн газрын зүгээс, мал, махан бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжиж буй ч хэд хэдэн шийдвэрлэх ажил тулгарч байгаа. Тодруулбал, экспортыг нэмэгдүүлэхэд тээг болж буй өөр нэгэн тээг нь малын халдварт өвчин юм. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд бүх малыг тодорхой цаг хугацаанд тогтмол вакцинжуулах, олон газраас бус зөвхөн ОХУ-аас вакцин нийлүүлдэг байхаар зохицуулалт хийж буй аж. Мөн дотоодоос шалтгаалах буюу хил, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх асуудлыг холбогдох байгууллагуудтай нь хэлэлцэх болжээ.

ХХААХҮ-ийн сайд Д.Батзориг "Экспортын шугамыг нэг цонхны үйлчилгээгээр явуулах боломжийг ярилцана. Мөн УИХ-аар Малын эрүүл мэндийн хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг яаравчлан батлуулах шаардлага үүсч байгаа. Анхны хэлэлцүүлгүүд эхэлсэн. Малыг эрүүлжүүлж байж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар сайжирна. Үүнд Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч байгаа" хэмээгээд үйлдвэрлэл эрхлэгчидтэй нягт хамтарч ажиллана гэдгээ мэдэгдэв. 

Маргааш Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцахаар төлөвлөжээ. Энэ хурлыг урьтаж үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, бодит мэдээлэлтэй газар дээр нь танилцсан нь энэ юм. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Холбоотой мэдээ