У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар МАН-ын даргад өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-21 15:31:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын XXVIII Их хурлаар тус намын даргад нэр дэвшигчдийг хэлэлцэж эхэллээ. Намын даргад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж байна.
Үдээс хойшхи хуралдааны эхэнд намын даргад нэр дэвшүүлэх ажиллагаа явуулав. Нэр дэвшихээ илэрхийлээд байсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг заалнаас нэр дэвшүүлсэн юм. Түүнийг Архангай аймгийн төлөөлөгч нэр дэвшүүлсэн ч өөрийн хүсэлтээр нэрээ татаж авав. Мөн МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нэрээ татаж авснаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар тунаж үлдэн, мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхэллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ "Боловсон хүчин бол шахааны бараа биш. Би намаа мөнгөний нам, компанийн нам болгохыг зөвшөөрөхгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "намын томилгоо, хүний нөөцийн бодлого буруу явж ирсэн. Тиймээс засч залруулна" гэжээ. 

Үг хэлж дууссаны дараа асуулт хариулт өрнөх бөгөөд, улмаар санал хураалтыг нууцаар явуулж, тооллого хийх юм. Ингэснээр олонхийн санал авсан нь МАН-ын даргаар сонгогдоно.
Н.Туяа
Холбоотой мэдээ