Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 52 тэрбум төгрөг олгох санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-07 17:19:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү төрийн албан хаагчдад олгох 52 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нь зүйтэй гэсэн саналаа Ерөнхий сайдад хүргүүлжээ.

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга орчим иргэн, өндөр настай 170 мянган ахмад бүртгэлтэй бөгөөд тэдний ихэнх нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой. Ялангуяа ахмадуудын дийлэнх олонх нь сард 150-250 мянган төгрөгийн тэтгэврээр амьдралаа залгуулж байгаа энэ үед төрийн албан хаагчдад бэлэн мөнгө тарааснаар бараа материалын үнэ өсөх, тэтгэвэр тэтгэмжээр амьдарч байгаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэж О.Баасанхүү гишүүн үзэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавиад буй. Ерөнхийлөгч төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг нэг удаагийн цалингийн тэтгэмж олгохыг буруу гэж үзэн хориг тавьжээ. 

Б.Туул

Холбоотой мэдээ