“Аваргын гараа” чөлөөт бөхийн тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-04 21:30:44
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор зохиогдож буй Монгол Улсын Гавъяат тамирчин, Монгол Улсын начин, ДАШТ-ний хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, Лувсангийн Энхбаяр агсны нэрэмжит “Аваргын гараа” чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Улаангом хотноо нээлтээ хийлээ.
Тэмцээнд Лу.Энхбаяр агсны төрсөн дүү Монгол Улсын начин Л.Өлзийбаяр болон Монгол Улсын шүүгч, Чөлөөт бөхийн ОУХМ М.Баярсайхан нарын хүндэт зочид уригдан иржээ. Тэрчлэн Төв, Орхон, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймаг болон Улаанбаатар хотын "Арслан" дэвжээ, "Төгс" дэвжээний 300 гаруй тамирчин хүрэлцэн ирж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнд 2000 оноос хойш төрсөн өсвөрийн тамирчид гурван өдрийн турш эрэгтэй, эмэгтэй ангилалд 20 жинд хүчээ сорьж аваргуудаа тодруулах аж. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газар тус тус ажиллаж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ