МХМЗ, Ф.Эбертийн сантай хамтран хэлэлцүүлэг зохиов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-11-13 15:39:55

Өнөөдөр Блу Скай цамхагийн Топаз танхимд Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл /МХМЗ/, Фридрих Эбертийн сангаас хамтран “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшилд хамтын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Номин, УЗ-ийн гишүүд, Фридрих Эберт сангийн суурин төлөөлөгч доктор Штефан Хровот, Босни Херцогованигийн Хэвлэлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Л.Зуравок болон Монголын хэвлэл мэдээлийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлгээр МХМЗ-ийн төлөвших үйл явц, Босни Херцогованигийн хэвлэлийн зөвлөлийн өөрийн зохицуулалтын байгууллагын туршлагаас танилцуулж, асуулт, хариулт өрнүүлсэн юм. Мөн хэвлэл мэдээллийн зөвлөлийн олон нийттэй харилцах стратегид өгөх зөвлөмж хэлэлцүүлэг болов.

Энэ үеэр МХМЗ-ийн Ажлын албаны дарга У.Тамиртай уулзаж сонирхсон асуултдаа хариулт авлаа.

- МХМЗ-ийн өнөөгийн ажил үйлс, цаашдын зорилгын талаар танилцуулна уу?
-2015 оны нэгдүгээр сарын 28-нд Монгол Улсад анх удаа Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулсан. Энэ байгууллага нь хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн хэм хэмжээ болох ёс зүйн зарчмыг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ёс зүйтэй, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн эрх ашгийг хамгаалах гэсэн үндсэн зорилготой юм. Тус байгууллагад манай улсын хэвлэл мэдээллийн бүх төрлийн байгууллагууд хамарсан үндэсний хэмжээний сайн дурын байгууллага юм. Олон улсад салбарын өөрийн зохицуулалтын байгууллага гэдэг. Энэ зөвлөл нь өнгөрсөн хугацаанд институцийнхээ хувьд байгууллага болж бэхжих ажлыг хийж байна. ХМЗ-ийн үндсэн зорилгоо хэрэгжүүлэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэл, нэвтрүүлгийн талаар иргэд, олон нийтээс гомдлыг хүлээн авч мөрөөр нь шалгах үүрэг, үйл ажиллагааг явуулдаг. Тухайлбал, ямар нэг эх сурвалж, баримтгүй мэдээлэл тавьсан байна гэсэн гомдол иргэдээс ирдэг, мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд хандах тохиолдол цөөнгүй гарах болсон. Яг ийм төрлийн гомдлуудыг бид хүлээж авдаг. МХМЗ нь сонин, сэтгүүл, сайтын болон телевиз радиогийн гэсэн Ёс зүйн хоёр хороотой. Энэ Ёс зүйн хороонд салбарын төлөөлөл болсон эрдэмтэн, судлаач, багш нар, иргэний нийгмийн төлөөллийг оруулсан байдаг. Тэд, иргэдийн гомдлын мөрөөр тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг нь ноцтой алдаа гаргасан эсэхийг нь мэргэжлийн түвшинд судалж,  дүгнэж тогтоодог.
-Өнгөрсөн хугацаанд МХМЗ-өөс хийсэн ажлын үр дүнгийн талаар сонирхуулна уу? 
-Бид 4 дүгээр сарын 22-ноос албан ёсоор гомдол санал хүлээж авч эхэлсэн. Энэ хугацаанд 5 гомдол хүлээн авч шийдвэрлэж чадсан. Одоо зургаа дахь гомдлыг аваад байгаа. Хүлээж авсан 5 гомдлын хувьд хурлаараа хэлэлцээд бүгд ёс зүйн зарчмын алдаа гаргасан гэсэн дүгнэлт хийсэн. Тухайн гомдол гаргасан хувь хүн, байгууллагад нь мэдээлж, ёс зүйн зарчмын алдаа гаргасан этгээд тухайн гаргасан алдаандаа уучлалт хүсч, залруулга гаргадаг.МХМЗ-ийн гишүүнийг сонгохдоо хэвлэл мэдээллийн бүх байгууллагын төлөөллийн квот тогтоож, олон нийтэд нээлттэй байдлаар танилцуулж оруулсан. Энэ зөвлөлд сонгогдсон гишүүд 3 жилийн хугацаатай ажиллана. Өнгөрсөн 9 сарын хугацаанд ажиллаж ирсэн туршлагаас харахад, Нэгд, олон нийтэд МХМЗ нь яг ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ таниулж, мэдүүлж ойлгуулах нь чухал байна. Хоёрт, хэвлэл мэдээллийн салбарынхандаа тодорхой ойлголт өгч, сэтгүүлчиддээ ёс зүйн зарчим гэдгийг тодорхой таниулж, сурталчлах ёстой.
-Он гараад л УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.Танай зөвлөл аль нэг нам, хүчнээс хараат бус байх чадамж нь ямар түвшинд байгаа бол?
-Бид дүрмэндээ бие даасан хараат бус гэж зааж өгсөн. Зөвлөлийн бүх үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод, нээлттэй бүх мэдээллийн хэрэгслээр мэдээлж байдгаараа онцлогтой. Бид бүх үйл ажиллагаагаа МҮОНТ, Эх орон, SBN зэрэг олон телевиз, сайтуудаар нээлттэй таниулж байна. МХМЗ нь 45 гишүүнтэй бөгөөд тэд аль нэг нам, эвслээс ангид хүмүүс.
-МХМЗ-өөс сэтгүүлчдэд ёс зүйн талаар сургалт явуулж байна уу?
Бид сэтгүүлчиддээ хууль, шүүх болон гэмт хэргийн талаар хэрхэн мэдээлэхээс эхлээд хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийн талаар гээд чиглэл, салбар бүрээр нь ёс зүйн зарчмыг яаж баримтлах талаар сургалт зохион байгуулах, гарын авлага гаргах зэргээр мэргэжлийн зөвлөгөө, удирдамж өгч ажиллахаар төлөвлөж байна.

Д.Өлзий 

 

Холбоотой мэдээ