“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-31 13:35:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг бие бялдрын өв тэгш хөгжилтэй болгох, спортоор хичээллэх боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор МҮОХ-ноос “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг ирэх сарын 01-нээс 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны хооронд ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулах болжээ.

Энэ талаар өнөөдөр тус холбооноос мэдээлэл хийв. Хоёр үе шатай зохион байгуулах энэхүү болзолт уралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх ерөнхий боловсролын сургууль оролцох боломжтой юм. Уралдааны эхний үе шатанд сургуулиуд багш, сурагчдынхаа дунд “Олимпийн өдөрлөг”, гар зургийн уралдаан, танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зохион байгуулах ёстой. Мөн спортын тодорхой төрлүүдээр дугуйлан хичээллүүлж, аймаг, дүүрэг, улсын хэмжээний тэмцээнд баг тамирчдаа оролцуулах, сургуулийнхаа хэмжээнд 5-аас доошгүй спортын төрлөөр тэмцээн зохион байгуулах, “Сургуулиараа шатарчин болох” хөдөлгөөн өрнүүлэх ёстой. Эдгээр ажлаараа аймаг, дүүрэгтээ шилдгээр тодорсон 30 сургуулийг хоёрдугаар шатанд оролцох эрхийг олгох юм. Хоёрдугаар шатанд мөн дээрх ажлуудыг хэрхэн зохион байгуулсныг нарийн судлан, үр дүнг нь тогтоож, нэг сургуулийг шилдгээр шалгаруулах аж.

Шилдэг сургуулийн захирал, биеийн тамирын багш болон тухайг аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн дарга, Боловсрол, соёлын газар, Биеийн тамир, спортын газрын дарга нарыг ирэх онд Индонезийн Жакарта хотод болох Азийн зуны спортын их наадам үзэх эрхээр шагнана. Мөн тухайн сургуулыг урамшуулахаас гадна, Сурагчдын шилдэг багт Олон улсын хүүхдийн зусланд амрах эрх олгох юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ