“Баян намар-2017” үзэсгэлэн худалдаанд бүх төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-20 10:04:45
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар суманд анх удаа малчид, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, үйл ажиллагааг нь дэмжин хөгжүүлэх, харилцан туршлага солилцуулах зорилгоор “ Баян намар-2017 “ үзэсгэлэн худалдаа зохион байгуулжээ. Үзэсгэлэнд худалдаанд 20 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, нийт 2,5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Энэ сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд гар урлал, сүү цагаан идээ, мод модон эдлэл, төмөр хийц, сур, дээс, арьсан эдлэл, гурилан бүтээгдэхүүн гээд 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэсэн байна. 

“Бид энэ ажлыг дэлхийн хүнсний өдрийг угтан хийсэн. Өмнөх жилүүдэд дандаа хоолны үзэсгэлэн хийдэг байсан бол энэ удаа бүх төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсанаараа онцлог. Анх удаа зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдааны талаарх иргэдийн болоод оролцогчдын сэтгэгдэл их өндөр байсан. Цаашид тогтмол зохион байгуулаарай гэдэг саналыг ч гаргаж байсан. Энэ жил цаг хугацааны хувьд жаахан оройтсон. Ирэх жилүүдэд намар есдүгээр сардаа багтаан хийх ёстой юм байна гэдэг талаар зохион байгуулагчид санал нэгдээд байна...” хэмээн Сүхбаатар сумын ЗДТГ-ын мэдээлэл, технологи хариуцсан ажилтан С.Гандөлгөөн хэллээ.

"Баян намар-2017” үзэсгэлэн худалдааны бас нэгэн зорилго нь сумын брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулах явдал юм. Улмаар тус сумын брэнд бүтээгдэхүүнээр хоёрдугаар багийн үйлдвэрлэл эрхлэгч Т.Хүрэлсүхийн хорхой ааруул шалгарчээ. Тэр ааруулаа монгол уламжлалт гар аргаар боловсруулж жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, сумынхаа иргэдэд нийлүүлдэг юм.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ