У.Хүрэлсүх: Хууль зөрчдөг, төрийн ажлыг хийдүүлдэг, сахилга хариуцлагагүй нөхдийн толгойг илэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-09-29 13:38:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн ордонд хуралдаж байна.
 
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Тус хуралдаанд У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцож байгаа бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүдээс түүнд хандаж, Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд түүний баримтлаж ажиллах бодлого, үйл ажиллагааны чиглэл ямар байх тухайд асууж тодруулж байна.
 
Энэ үеэр нэр дэвшигч У.Хүрэлсүх, "Төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ хууль зөрчсөн, хээл хахууль өгч орсон байж болзошгүй, төрийн ажил хийдэггүй, хийдүүлдэг, сахилга хариуцлагагүй, дэг журамгүй, төрийн ёс дүрмийг зөрчдөг нөхдүүдийн толгойг илж суухгүй. Надад одоо сэтгэлтэй, ажил хийдэг төрийн албан хаагч хэрэгтэй. Монголын төлөө зүтгэж чадах сэтгэл, зүтгэлтэй сайд нар надад хэрэгтэй байна. Би Төрийн ордныхоо хоёр давхарт зүгээр нэг зургаа өгүүлсэн ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. Монгол төрийн түүхэнд  ажил хийсэн, тодорхой өөрчлөлтийг хийсэн Ерөнхий сайд байхыг хүсч байна. Надад ямар нэг айдас алга. Харин надаас хууль бус юм битгий хүсээрэй. Миний байгуулсан кабенитын гишүүдээс хууль бус үйл ажиллагаа  битгий хүсээрэй.

Улсын төсөв ямар байгааг гишүүд мэдэж байгаа. Боломж нөхцөл байгаа бол багш, эмч нарын цалин нэммээр байна. Гэтэл байлгая гэвч төсөв алга байна. Би ганц зарчим дээр амална. Бодит байдлыг олон түмэндээ хэлнэ. Үүнийхээ төлөөх хариуцлага хүлээж чадна. Дараагийн дугаарт хүүхдийн мөнгөний асуудал байна. Хүүхдийн мөнгийг 2017 он дуустал бүх хүүхдэд олгоно. 2018 онд бүх хүүхдэд олгож чадахгүй. Тийм боломж байхгүй. Боломж байгааг олж харсан бол дуртайяа хамтарч ажиллах болно.

Давхар дээлний тухайд, надад ажил хийж чадах сайд нар хэрэгтэй. Тодорхой хүрээнд УИХ-ын гишүүд Засгийн газрын кабенитад орж ажиллана. Үүнийг би нуухгүй. Гэхдээ зохистой түвшинг барьж ажиллана. Дараагийн сонгууль болтол цөөн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд улстөржихийг хүсэхгүй байна.Улс орныхоо амьдралыг өөд нь татах, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах, ядарсан эдийн засаг, ард түмнийхээ төлөө ажиллая гэсэн сэтгэл надад байна" гэлээ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ