НИТХ-ын хуралдааныг ирэх даваа гараг хүртэл хойшлууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-29 12:23:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болох байсан ч 10 дугаар сарын 2 хүртэл хойшлуулаад байна.

Өнгөрөгч долоо хоногт хуралдсан НИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн шинэ даргад нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Д.Баярсайхан нараас санал хурааж тодруулах байсан ч үр дүнд хүрээгүй юм. Тодруулбал хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж, хэн нь олонхын санал аваагүй учир шинэ даргыг тодруулж чадаагүй бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хуралдаан өндөрлөсөн. 
Завсарлага өнөөдөр дуусч, НИТХ хуралдах хүлээлттэй байсан ч ирэх даваа гарагийг хүртэл хойшлуулаад байна. Харин НИТХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын хуралдааныг хойшлуулсанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "МАН-ын бүлгийн авсан завсарлага өнөөдөр дуусч байгаа. Гэтэл цаг нь 17.06 цагт дуусна гээд, ажлын цаг дуусчих гээд байна. Нийслэлчүүдэд ийм их асуудал тулгамдчихсан байхад заавал яагаад ажлын цаг дуустал хүлээх шаардлагатай юм бэ. Амралтын өдөр ч хуралдаж болно" гэлээ. 

Дашрамд дурдахад, НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул дараагийн хуралдаанд дахин өөр нэр дэвшигч оруулж ирэх магадлалтай байсан. Гэвч МАН-ын бүлэг өөр нэр дэвшигч оруулах шаардлагагүй гэж үзжээ. Тиймээс ирэх долоо хоногт хуралдах НИТХ-ын хуралдаанаар дахин санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс НИТХ-ын шинэ даргыг тодруулах болж байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ