Лити хэмээх металл бензинийг орлох уу?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-09-29 11:07:38
ФРАНКФУРТ. /ФРАНКФУРТЕР АЛЬГЕМАЙНЕ/. Томоохон хотуудад дизель хөдөлгүүртэй автомашинаар зорчихыг хориглох чиглэлээр өрнөж буй мэтгэлцээн болон дотоод шаталтын хөдөлгүүрийн эрин үе өнгөрч байгаа тухай яриа хөөрөө нь лити гэдэг металлын үнийг ихэд өсгөлөө гэж Германы эдийн засгийн “Франкфуртер альгемайне” сонинд бичжээ.  

Цахилгаан автомашины эрин үед лити нь “шинэ төрлийн бензин” болно гэж үзэх хүмүүс олон болжээ. Зай хураагуур хийхэд ашигладаг энэ металлын үнэ ганцхан жилийн дотор хоёр дахин өссөн байна. Үүнээс өмнө ч гэсэн нэлээд хурдацтай өсч байсан нь  ухаалаг гар утас үйлдвэрлэхэд литийг ашигладагтай холбоотой юм. Өнөөдөр наймаачид литийн карбонат гэдэг бүтээгдэхүүнийг 12-14 мянган ам.доллароор худалдаж байна.
 
Литийг олборлож, боловсруулах бизнес эрхэлдэг АНУ-ын Альбемарле /Albemarle/, Австралийн “Orocobre”, “Galaxy Resources” зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш нэлээд өсчээ. Литийн эрэлт өссөн нь Боливи улс дахь Салар-де-Уюни /Salar de Uyuni/ гэдэг давст нуурыг “алтны хонхор” болгон хувиргасан байна. Учир нь, дэлхий дээр литийг ихэнхдээ жижиг давст нуурын ханасан уусмалаас авдаг байна. Үндсэн эрдэс нь давст нуурын ёроолд уусмал хэлбэрээр байдаг ба энэ ордын төрлийг брайн /brine/ гэж нэрлэдэг аж.  
 
“HSH-Nordbank”: Литийн эрэлт 10 дахин өснө
 
Гэхдээ олон зүйл тодорхойгүй хэвээр байна. Дэлхий дээр яг хэдийнээс цахилгаан автомашиныг олноор нь унаж эхлэх вэ, хэдий тооны автомашиныг ойрын үед үйлдвэрлэх гэж байна вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн ирээдүйд зай хураагуурыг хэрхэн шинэчлэн боловсронгуй болгох вэ, шинэчилсэн тохиолдолд лити хэмээх металлын орц ямар байх вэ гэдэг нь мөн тодорхойгүй байна.  
 
Үүнтэй холбоотойгоор “HSH-Nordbank” банкны шинжээчид дараах тооцоог хийжээ. Зөвхөн “Тесла” компани гэхэд 2020 оноос эхлэн жил бүр 500 мянган ширхэг цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд жилд 24 мянган тонн лити шаардлагатай аж. Тэгвэл өнгөрсөн онд дэлхий даяар 40 мянган тонн лити олборлосон байна. Харин 2025 он гэхэд дэлхийн зах зээлд литийн эрэлт 500 мянган тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд үүний ихэнхийг цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхэд ашиглах аж.
 
Х.Сарнай  
Холбоотой мэдээ