Дэлхийн нийт хүүхдүүдийн 75 хувь нь хүчирхийллийн золиос болсоор байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-28 17:02:23
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. Дэлхийн дөрвөн хүүхдийн гурав нь жил бүр хүчирхийлэлд өртөж байна. Энэхүү судалгааг баян, ядуу улсуудын аль алинд нь хийсэн бөгөөд хүүхдийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой болохыг тогтоосон байна.

Ээж нь хүчирхийлэлд өртөж байгааг харж, түүний гэрч болсон хүүхдүүд өсч том болоод өөрсдөө ч мөн хүчирхийллийн золиос болох юм уу эсвэл хүчирхийлэгч болдог ажээ. “Хүүхдийн хүчирхийллийг зогсооё” сэдэвт дэлхийн 2017 оны тайланг 3 жилийн өмнө Энэтхэг улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Know Violence in Childhood” олон улсын өмгөөлөгчдийн бүлгээс гаргасан байна.

Хүүхдийн хүчирхийлэл бараг дэлхий нийтийг хамраад байгаа бөгөөд жилд 1.7 тэрбум хүүхэд хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ. Хүүхдийн хүчирхийлэлд дээрэлхэх, зодох, бэлгийн дарамт үзүүлэх, гэрт болон сургуулийн орчинд бие махбодийн шийтгэл амсуулах, бэлгийн хүчирхийлэл зэрэг үйлдэл орж байна.

Судлаачид зөвхөн хүчирхийлэгч болон хүүхэд хоёрын хооронд үүссэн хүчирхийлэлд анхаарлаа хандуулан судалсан байна. Харин дайн байлдаан болон бусад үйл ажиллагааны үед гардаг хүчирхийллийг үүнд оруулаагүй аж. Дэлхийн сая гаруй хүүхдийн биеэрээ амссан хүчирхийллийг баримтжуулахын тулд 3 жилийг уг судалгаанд зарцуулсан ажээ.

Хүүхдийн хүчирхийлэл нь нийгмийн эдийн засгийн өртөг зардалд таагүй нөлөө үзүүлдэг. Гэртээ болон сургууль дээрээ хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ихэвчлэн хичээлээ тасалж, сургуулиа хаядаг байна. Тэд амьдралдаа амжилтанд хүрч, боловсрол олж авч чаддаггүй гэж судлаачид үзэж байна. Хүүхдийн хүчирхийллийн улмаас үүссэн хохирлыг засч залруулахын тулд жил бүр дэлхийн нийт бүтээгдэхүүний 8 хүртэлх хувийг зарцуулж байгааг судалгаагаар тогтоожээ.
 
Х.Сарнай 


 


Холбоотой мэдээ