Ливан дахь энхийг сахиулах ажиллагааны хугацааг 1 жилээр сунгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-31 16:16:50
БЕЙРУТ. /Xinhua/. Лалын босогчдын “Хезболла” бүлэглэлтэй тэмцэх дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж АНУ шахалт үзүүлж байгаатай холбоотойгоор Ливан дахь энхийг сахиулах ажиллагааг дахин нэг жилээр сунгах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс орнуудын төлөөлөгчид лхагва гарагт санал нэгтэйгээр баталжээ.

“Хезболла” болон Израилийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрт хяналт тавих үүрэгтэй Ливан дахь энхийг сахиулагчдын мандатын хугацааг нэг жилээр сунгах тухай тогтоолын төслийг Франц улс боловсруулан Аюулгүйн Зөвлөлд өргөн барьсан байна.
 
“Хезболла”-гийнхан зэвсэг нөөцөлж, дайн өдөөхөөр зэхэж байгаа учир тэдэнтэй тэмцэх арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж АНУ саяхан мэдэгдсэн юм. АНУ-ын нөлөө бүхий албаны хүн хэлэхдээ “Ливаны өмнөд нутагт өнөөдөр нөхцөл байдал маш аюултай байна. Тэнд дайны үүл бөөгнөрч байна. Тиймээс дахин дайн болохоос урьдчилан сэргийлэхийн тулд энхийг сахиулагчдыг тэнд байлгах хэрэгтэй” гэсэн билээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ