Таван хошуу малын отог гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-07-31 17:09:53
Завхан /МОНЦАМЭ/. Монголчууд найрсаг, зочломтгой, зан харилцаа сайтай, ухаан сэргэлэн, хэл яриа хурц, халуун, хүйтэн алинд ч дасан зохицож амьдрах чадвартай, туйлын тэвчээр, хүлээцтэй, малын соёлоо ихэд дээдэлдэг ариун нандин ёс заншилтай нүүдэлчин ард түмэн билээ.  Өнөөдрийн залуучууд улс орны хөгжил дэвшилд нийцэх замаар төв суурин бараадаж ажил, сургууль, соёлын мөр хөөх болсоныг буруутгах аргагүй ч нүүдлийн соёл иргэншил, үндэсний үнэт зүйлс болсон малын соёлоо мартаж үл болно. Тиймээс Завхан аймагт болсон Нүүдэлчдийн соёлын наадам нь нүүдлийн соёлоо сурталчилсан, таниулсан, түгээн дэлгэрүүлсэн, бахархсан наадам болсон боллоо. Ингээд энэ наадмын гол чимэг таван хошуу малын отгуудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.  

Ингэ хөөслөх ёс олон зочдыг уяраалаа
Улаагчны Хар нуурын бөмбөн элсний захаар тэмээн жингийн цуваа нар дагуулан жуулчдын сэтгэл нүдийг эрхгүй татаж байсан нь элсэн говийн хөлөг хоёр бөхт тэмээний отог юм.
Энэ отог бусад отгоос илүү жуулчдын дахин дахин зочлох отгуудын нэг байв. Учир нь тэмээний отог дээр бусад малын отгууд дээрхийн адил тэмээний хоормог, цагаан идээ, тэмээний ноосоор хийсэн бүтээгдэхүүнүүдээс илүүтэй тэмээн хөсөг тэрэг, хос тэмээ унах, ингэ хөөслөх, тэмээний тоног хэрэгсэл, ингэ шилрэх, тэмээ төллөх, тэмээний ач тус, ашиг шим, нас, ботго ингийг уях, ингэ шилрэх, орсон буур, тэмээний домог хууч яриаг зөвхөн тэмээний отгоос гадаад дотоодын жуулчид мэдэж сонирхож судалж байв.  Сонирхуулбал ингэ шилрэх гэдэг нь боос/хээлтэй/ ингэ ботголох болохоороо нэг л тогтворгүй болж, хөл нь хөнгөрөн, алсыг харж, ийш тийш алхлан ижлээсээ сэм салж, хол явахыг шилрэх гэнэ. Шилэрсэн ингэ ботгоо осгоож төл алдах магадлал өндөр тул өдөрт хариулж, шөнөд уяж хөллөх зэргээр сайн хамгаалах хэрэгтэй.  Нялх ботго урт хүзүүтэй ч эхээс төрсний дараа нэг сар болохоос нааш хошуу нь газарт хүрдэггүйгээрээ онцлог бөгөөд хошуу нь газарт хүрмэгц өвсөнд ордог. Ингэ ихэр ботго гаргах нь их ховор байдаг тул ингэ ихэрлэсэн тохиолдолд ихэд бэлэгшээж, олон нийтэд зарлан өргөмжилж түүхэнд бичиж үлдээдэг ажээ.  Харин ингэ хөөслөх гэдэг нь: - тэмээ том биетэй, хүдэр чийрэг ч их уярамтгай билээ. Ботгоо голсон ингэний ботгыг авхуулахад хөөс хөөс гэж уянгалуулан аялахыг ингэ хөөслөх гэдэг аж.  Мөн морин хуур, лимбэ хөгжмөөр ая тоглож эхийг уяраан ботгыг авхуулахад ботгоо үнэрлэн гунганаж, хоёр нүднээсээ бөөн, бөөн нулимс унагаж байдаг уян зөөлөн мал билээ. Тэмээний отгийн ингэ хөөслөх зан үйлийг үзсэн хүн бүр нулимс дуслуулан байсан нь ч ийм учиртай ажээ.

Мөн нэгэн сонирхолтой ухаан нь ботго, ингийг уях арга ухааныг зааж үзүүлсэн явдал байв. Энэ нь ботгыг нялх багад нь уяхдаа зөв, урд хөлний өвдөгөөр уях ба томрохоор нь ногтлон уяна. Эмнэг ботгыг шууд ногтлож уяхад хүзүүгээ хугалах эрсдэлтэй тул багад нь сайн номхруулах шаардлагатай. Номхорч цагаашраагүй ингийг саахдаа зөв хойт хөлийг зузаан гуяар нь дээсээр оосорлон ар тийш татах буюу гадаснаас уяна. Үүнийг тэлүүрдэх /татуурдах/ гэнэ хэмээн отгийн хөтөч тайлбарлав. Түүнчлэн Монголчуудын таван хошуу малыг дуудах, залуурдах арга өөр өөр байдгийн нэг нь тэмээний дуудлага ажээ.  Тэмээг хэвтүүлэхдээ “сөөг сөг” хэмээн сөглөх ба босгохдоо “хөөг, хөж, чүү” гэнэ. Тэмээнд ачаа ачаад ар, араас уяхыг шөрхлөх гэнэ. Ачаатай тэмээг анх хөдөлгөхдөө “хөөг” хэмээн өндөр дуугаар уянгалуулан чимээ өгөхөд тэмээнүүд бүгд нэгэн зэрэг хөдөлдөг.  Холын замд удаан хугацаагаар явсны дараа түр зогсохдоо “шээр, шээр” хэмээхэд ачаатай тэмээнүүд нэгэн зэрэг шахам шээдэг тун ч дуулгавартай, ухаантай мал тэмээ гэдгийг тэмээний отгийнхон дуулгалаа. Бас ус, хужир өгөхөд ойрмогхон байгаа тэмээг "тоор, тоор" хэмээн тоорлоход цувран ирдэг байна. Мөн отогт тэмээгээр цаг агаарыг хэрхэн шинжих монгол ухааныг танилцууллаа.  Тухайлбал тэмээ бөөнөөрөө ойр байгаа нөмөртэй газар болон бууц бараадан хөлөөрөө газар малтаж хэвтэх, хонины хот, хороо булаалдах,  өглөө бэлчихгүй хотондоо хоргодох, хамраа тургилан шуухирах, хүзүүгээ сунган газар тавьж идээшлэхгүй өдөржин хэвтэхэд цаг агаар эрс муудаж тэнгэр ихээр хүйтэрдэг. Орой хураасан тэмээ тарж хэвтэх буюу шөнө болон өглөө эртлэн бэлчихэд тэнгэр дулаардаг гээд олон сонирхолтой мэдээллийг энэ отгоос жуулчид сонслоо. Мөн тэмээ хөлөглөн үзэсгэлэнт Хар нуурын эрэг, Бөмбөн элсээр зугаалж байгальтай танилцах аялал нь жуулчдын сонирхлыг эрхгүй татаж байсан.
 
Бог малын отогт үйлчдийн бүтээл эрэлт ихтэй байв
“Бог малын отог”-т уламжлалт ёс заншлыг харуулсан хонь хяргах, ноос савах, эсгий зулах, чирэх, ноосоор дээс томох уралдаан гээд үндэсний хэв шинжийг харуулсан олон үзүүлбэр зохион байгуулсан нь гадна, дотны жуулчдад ихэд таалагдав.
Учир нь Завханы 24 сумын 1200 гаруй үйлчин бүсгүйчүүдийн 5000 орчим төрлийн гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж газар дээр нь сонирхсон бүтээгдэхүүнийг нь урлаж өгч байв. Тухайлбал Монгол гэрийг малын гаралтай түүхий эдээр бүрэн тохижуулж гар урлал, уран хатгамал, эсгий ширмэл, эсгий урлалын бүтээлийн үзэсгэлэнгийн 80 гаруй бүтээлийг борлуулжээ.  Завханы үйлчин бүсгүйчүүдийн нэг Отгон сумын иргэн 70 нас гарч яваа хамгийн ахмад үйлчин Н.Лхамсүрэн тэтгэвэрт гарснаасаа хойш гар урлалын бүтээл хийж, мөн 24 сумын бүсгүйчүүдэд зааж сургажээ. Тэрээр нүүдэлчдийн соёлын наадамд зориулан зүү ороож битүү оёсон хос монгол гутал, бүтэн гэрийн эсгий ширмэл ширдэг, зүү ороож оёсон монгол дээл гээд 30 гаруй төрлийн бүтээлийг таван сарын турш урлажээ. Мөн отогт Отгон сумын үйлчин Ж.Адъяажав, Нөмрөг сумын үйлчин Л.Туул, Дөрвөлжин сумын үйлчин бүсгүйчүүдийн  зүү ороож оёсон монгол гутал, дээл, эсгий олбог, эсгий цүнх олны нүдийг хужирлаж эрэлт ихтэй бүтээгдэхүүн байлаа.

 Мөн үйлчин бүсгүйчүүд монгол үндэсний хээ угалзыг хэрхэн оёж эсгийг хэрхэн яаж боловсруулах талаар гар бие оролцож монгол уламжлалт наадгай шагай няслах, морь уралдуулах, алаг мэлхий өрөх зэрэг тоглоомыг тоглож бог малын сүү цагаан идээний дээжээс амсч байлаа. Уран гарт бүсгүйчүүдийн  бүтээлээр отгоо гоёсон “Бог малын отог”-ийнхон  бог мал холбож саах, саасан сүү саалиар нь цагаан идээ боловсруулах арга технологийг газар дээр нь үзүүлэв. Мөн бог малын ноос, ноолуурыг самнах, хяргах, мал муулах монгол уламжлал, малын махыг эвдэх ёс, дээс томох гээд бог малтай холбоотой нүүдэлчдийн ёс жаягыг наадамчдад үзүүллээ. Энэ үеэр гадаад дотоодын жуулчид нүүдэлчдийн ахуй соёлыг газар дээр нь харахаас гадна өөрсдийн гараар цагаан идээ боловсруулах, самнах хяргах үйлд хамт оролцож байсан нь илүү сонирхол татаж байв.  Бог малын отгийн бас нэгэн сонирхолтой үзмэр нь сум бүрийн сонирхол татсан эртний эдлэлийн үзэсгэлэн байв. Тухайлбал Сантмаргаз сумын анчин Совдын хэрэглэж байсан цахиур буу,  Ч.Сүхбаатарын эдэлж байсан сэгс араг олны нүдийг хужирлаж ховор үзмэрийн нэг байв.  Тодруулбал Ч.Сүхбаатар нь  7-8 настай байх үеэсээ л аавынхаа хамтаар жин тээж ирсэн аж. Түүнчлэн аргалын эврээр хийсэн шанага байх бөгөөд Даваажав гэгч эрхэмийн удам дамжсан эртний эдлэл гээд эрт  үеэс хэрэглэж ирсэн ахуйн хэрэглээний эд зүйлсийг гадаад дотоодын жуулчид ихэд сонирхож отог нэлээд хөл хөдөлгөөнтэй байв.

Үхрийн отог ирсэн гийчдийг сүү цагаан идээгээр угтаж байв
Нүүдэлчдийн соёлын наадмаар Монгол шар үхрийн отогт зочилсон хэн бүр Монголчуудын үхэр маллах арга ухаанаас суралцсан, бахархсан, сүү цагаан идээнээс нь амталсан үйлчилгээг цогцоор нь авч чадаж байв. 
Монгол үүлдрийн үхэр нь маш чийрэг бие цогцостой, хөнгөн бат бэх ясжилттай, өвчин эмгэгт өртөх нь ховор бөгөөд тэсвэртэй, соргог сэргэлэнгийн зэрэгцээ номхон дөлгөөн ааш зантай ажээ. Сүрэглэх, хоорондоо ижилсэх , үрсэх, үр төлөө хамгаалах чадвар, зөн совин сайн хөгжсөн,  үхрийн арьсны үст давхраа зузаан нягт, үсний булцуут уг нь торлог давхрыг хүртэл гүн суусан тул хүйтний улиралд урт өтгөн хялгас, хөөвөр ургаж биеийн дулааныг хадгалдаг ажээ. Завханы үхэр хүрэн улаан, бидэртэй хүрэн зүс зонхилох боловч ухаа ягаан, хар, бөөр алаг зүс нилээд тохиолдоно. Амгалан тайван идээшлэх үхэр сүрэг отогт ирсэн гийчдийг сониучирхан ажина. Харин нялх багачууд нь зэлэн дээрх уяатай тугалыг ноолох нь үхрийн отгийн нэгээхэн дүр зураг.  Үхэр тэрэг, морь, тэмээ хөлөглөсөн жуулчид энэ отогт зочилохдоо Үхрийн отгийнхон отогтоо ирсэн наадамчин, гийчдийг монголчуудын зочин угтах ёсоор тосон авч үхрийн ширээр хийсэн бүтээгдэхүүн, сүү цагаан идээний амталгаат үзэсгэлэн худалдаа, хайнаг сургах, тэргэнд үхэр хөллөх, ачааны шарын хүч чадал, үхрийн маллагааны арга ухаан, үхрийн мах, сүү цагаан идээний ач тус, үхрийн ширийг хэрхэн боловсруулах талаарх сонирхолтой мэдээллийг эндээс авч байв.  Мөн үхрийн отогт зочилсон хүн бүр нүүдэлчдийн хишиг түгээх ёсоор үхрийн зузаан, шинэхэн өрмийг хуруудын хамт гар тосон хишиг хүртэж байв. 

Төв Азийн өргөн уудам нутагт эрт дээр цагт амьдарч байсан Тур хэмээх зэрлэг үхрээс өнөөгийн Монгол, Халимаг, Киргиз, Тува, Буриад, Якут үхэр үүссэн ажээ. Бидний өвөг дээдэс шинэ чулуун зэвсгийн эцэс, хүрэл зэвсгийн эхэн үеэс зэрлэг үхрийг гаршуулсан бөгөөд Хүннү гүрний үе буюу одоогоос 2000 гаруй жилийн тэртээд бэлчээрийн сонгодог үхрийн аж ахуй хэлбэршин тогтсон байжээ. Манай орны байгаль, газар зvй, экологийн нєхцлєєс хамааран vхрийн тархалт єндєр уулын бvсэд 27.6, ойт хээрийн бvсэд 25.2, тал хээрийн бvсэд 28.8, их нуурын хотгор, Алтайн бvсэд 12.5, говийн бvсэд 5 хувийг эзлэн vржvvлж байгаа талаарх баримт мэдээллийг үхрийн отгийнхон сонирхууллаа. Монгол шар хүчлэн зүтгэнэ, модон тэрэг чихран дуугарна гэдэгчлэн  нүүдэлчдийн наадмын үеэр гадаад дотоодын жуулчид, наадамчдад  үхэр тэргээр үйлчилсэн нь отог хоорондын замд илүү зугаатай, монгол ахуйг сурталчилсан шилдэг үйлчилгээ байв.

Адууны отог дөрвөн морь буулгасан азтанд даага бэлэглэв
Монгол туургатны хөх тэнгэрт морин эрдэнийн бумбан тоос босоо байг ээ хэмээн “Адууны отог”-ийнхон ирсэн зочидоо ерөөлөөр угтаж уруул чимчигнэсэн шинэхэн айргаар дайлж байв.
Энэ отог бусад отгоос илүү ирэх зочид, саатах жуулчид олонтой байв. Учир нь энд ирсэн бүсгүйчүүд нь гүү сааж, эрчүүд нь унага татаж, эмнэг, даага сургах, адууны чөдөр ногт, зангидах, сур элдэх, айраг цагаа исгэх, гүүний саамаар хурууд, хийж цагаа боловсруулах, адууны махаар нүүдэлчдийн уламжлалт зоогийг хэрхэн бэлтгэх, адууны мах, сүүний ач тусын талаарх  арга ухаанд суралцаж хүн бүр гар бие оролцож байсан нь олон зочидын сонирхлыг татаж байв.

Мөн шагайгаар морь уралдуулж, дөрвөн морь буулгасан азтанд хурдан удмын даага бэлэглэж байлаа. Түүнчлэн Завхан аймгийн хурдан удмын адууны үүх түүх, угшил, хурдын талаарх сонирхолтой мэдээлэл, хурдан морийг шинжих, адууны уналга ачилгад хэрхэн сургах ухаан, Монголчуудын морийг дээдлэх, нутаглуулах ёсын талаарх мэдээллийг энэ отгоос авч байлаа. Монгол хүн морио зоддоггүй гэдэг. Монгол хүн адуу шиг соргог амьтан байхгүй ч  гэлцдэг. Тиймдээ ч том шүдээрээ өвс шир шир зулгаан идээшлэх, хааяа нэг тургилах, үүрсэх,  нэг нэгнийнхээ хүзүү сээрийг маажих, энд тэнд хэсэг бусгаараа тарайн хэвтэх,  сүүлээ годогнуулан эхээ хөхөх унага, азарга хур дэлээ сагсалзуулан гүүгээ хураах, энд тэндгүй гуруй гуруй гэх адуучдын дуу хадах  энэ агшин бол адууны отгийн дүр зураг юм. Адууны отог дээр ирсэн хүн бүр адууны тухай ерөөл магтаалыг сурч мэдэж байсан нь ч наадамчдад сонин байв.

Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ