Энэтхэгийн засгийн газрын тэргүүн тангараг өргөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-07-26 08:39:44

ШИНЭ ДЕЛИ./TASS/. 7 дугаар сарын 17-нд болсон сонгуульд ялалт байгуулсан Энэтхэгийн шинэ Ерөнхийлөгч Рам Натх Ковинд өчигдөр тангаргаа өргөснөөр албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо. Тангараг өргөх ёслолын ажиллагааг Энэтхэгийн үндэсний олон нийтийн NDTV телевиз шууд дамжуулан үзүүлсэн байна.

Өмнөх Ерөнхийлөгч Пранаба Мукержи шинэ төрийн тэргүүнд халаагаа өгөх ёслол Энэтхэгийн нийслэлийн гол талбай болох Прагати Майдан дахь парламентын ордны их танхимд болжээ.

Энэтхэгийн 14 дэх Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Дээд шүүхийн дарга Жагдиш Сингх Кехар удирдаж, уг ёслолд Ерөнхий сайд Н.Моди, засгийн газрын танхимын гишүүд болон парламентын хоёр танхимын гишүүд оролцсон байна.

Рам Натх Ковинд ёслолын үеэр үг хэлэхдээ “Би агуу их үндэстний 1,25 тэрбум иргэний өмнө мэхийн ёсолж, надад хүлээлгэсэн итгэлийг дааж чадна гэдгээ амлаж байна” гэлээ.  

Бхаратия Жаната парти буюу эрх баригч Энэтхэгийн ардын намаас нэр дэвшсэн Рам Натх Ковинд нь төлөөлөн сонгогчдын 65 хувийн саналыг авснаар Ерөнхийлөгчийн албан тушаалыг 5 жилийн хугацаанд хашихаар болсон юм.

Үндсэн хуульд зааснаар, Энэтхэгийн Ерөнхийлөгч нь нэлээд өргөн эрх мэдэлтэй юм. Тухайлбал, тэрбээр зэвсэгт хүчний дээд командлагч бөгөөд Ерөнхий сайд, мужуудын захирагчид, Дээд шүүхийн болон мужуудын Дээд шүүхүүдийн шүүгчдийг томилдог байна.    

Гэхдээ Энэтхэгийн Ерөнхийлөгч нь төлөөллийн шинжтэй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бодит эрх мэдэл Ерөнхий сайдад төвлөрдөг аж. Ерөнхийлөгч бол засаг төрийн нэр хүндийн бэлгэдэл болсон хүн байдаг учраас энэ албан тушаалд улстөрчдийг бус харин эх орныхоо өмнө онцгой гавьяа байгуулсан, ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн хүнийг сонгодог байна. Жишээ нь, 2002-2007 онд тус улсын Ерөнхийлөгчөөр Энэтхэгийн пуужингийн хөтөлбөрийн эцэг гэгддэг Абдул Калам ажиллаж байжээ.

Ковинд бол тусгаар тогтносон Энэтхэг улсын түүхэн дэх хүн амын хамгийн ядуу доод давхарга болох далитуудаас гаралтай хоёрдахь төрийн тэргүүн юм.   

Албан ёсны статистик мэдээллээр, Энэтхэг улсад хүн амын 17,7 хувь болох 200 сая гаруй далитууд амьдардаг байна. Хэдийгээр 1950 онд Үндсэн хуулийн дагуу нийгмийн давхаргуудын тэгш бус хэлбэрүүдийг халсан боловч кастын тогтолцоо нь орчин цагийн Энэтхэг улсын хувьд тулгамдсан асуудал хэвээр байгаа юм.

Энэтхэгийн шинэ Ерөнхийлөгчийн товч намтар

Энэтхэгийн 14 дэх Ерөнхийлөгч Рам Натх Ковинд 1945 оны 10 дугаар сарын 1-нд одоогийн Уттар-Прадеш мужид төржээ. Тэрбээр Канпурын их сургуульд худалдааны эрх зүйгээр бакалаврын зэрэг хамгаалсныхаа дараа Дели хотын Дээд шүүх болон Энэтхэг улсын Дээд шүүхэд өмгөөлөгчөөр 16 жил ажилласан байна.

Рам Натх Ковинд 1994 оны 4 дүгээр сард Уттар-Прадеш мужаас парламентын дээд танхим болох Ражья сабха-гийн гишүүнээр сонгогдож, 2006 он хүртэл ажиллажээ. 2015 оны 8 дугаар сард Бихар мужийн захирагчаар томилогдсон байна.

Тэрбээр гэрлэсэн бөгөөд хүү, охин хоёртой ажээ.
 

Г.Доржханд

Холбоотой мэдээ