Төсвөөр хийгдэж байгаа ажлуудад чанарын өндөр шаардлага тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга энэ онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцах ажлаа өндөрлөж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус аймаг 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 16 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаар хөрөнгө оруулалт нь хийгдсэн нийт 9 обьектэд очиж үзсэн байна. Тухайлбал: Дархан сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн сантехникийн их засвар, 2200 хүний суудалтай спорт цогцолбор, “Жигүүр”, 15 дугаар сургуулийн гадна шугам сүлжээ, Хабитат хороололын 100 хүүхдийн цэцэрлэг, Дархан сумын 9, 15 багийн тохижилтын ажлуудыг газар дээр очиж үзэж танилцжээ. Эдгээрээс ШУТИС-ын харъяа ДаТИС-ийн 1600 хүүхдийн багтаамжтай хичээлийн өргөтгөлийн байрны ажил 80-90 хувийн гүйцэтгэлтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлууд сайн явагдаж байгаа жишээ байхад хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлээд байхад ажил нь урагшлахгүй ажлууд ч байв. “Нэмбар” компанийн гүйцэтгэж буй 2200 хүний суудалтай слорт цогцолборын барилга зэргийг энэ жишээнд нэрлэв.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан ч нэгэнт батлагдсан төсвөөр хийгдэж байгаа ажлын чанарт анхаарал хандуулж урт настай ажил хийлгэх хэрэгтэй гэдгийг аймгийн Засаг дарга А.Энхболд онцлоод бүтээн байгуулалтын барилгын ажилд хяналт тавьж буй инженер, ГХБХБГ-ын мэргэжилтнүүдийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай харилцан уялдаатай ажиллаж барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд хүлээж авахад анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө.
Б.Норовсамбуу