Д.Оюунхорол: Төрийн шийдвэрийг үл тоодог аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-07-20 11:37:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богдхан уулын байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газарт иргэд, аялагчид, жуулчдад зориулан автомашин, дугуйны зогсоол, стандартад нийцсэн хогийн цэг зэргийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Үүний дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богдхан уулын Байгалийн цогцолбор газарт газар эзэмшиж байсан “Энигма” компанийн 42 га газраас 3 га талбайг нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Гэвч “Энигма” компани 3 га газрыг чөлөөлөхийг эсэргүүцэж, БОАЖЯ-ыг шүүхэд өгчээ. Шүүхийн анхан шатны шийдвэр “Энигма” компанийн талд гарсан ч БОАЖЯ-наас давж заалдаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас тус газарт үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Гэтэл “Энигма” компани шүүхийн маргаан шийдвэрлэгдээгүй байхад уг байршилд барилга барихаар газар ухаж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, ЦЕГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид газар дээр нь очиж танилцсан юм.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа аливаа аж ахуйн нэгж заавал байгаль орчны үнэлгээ хийлгэж, БОАЖЯ-наас тусгай зөвшөөрлийг авах ёстой. “Энигма” компанийн хувьд ямар ч зөвшөөрөл аваагүй. Мөн төсөвт 3 тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа. Цаашид иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч аж ахуйн нэгжид хатуу шаардлага тавьж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн “Энигма” компани 3 га газраа чөлөөлөхгүй бол тэдний эзэмшлийн 42 га талбайн эзэмших зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй” гэв.
Холбоотой мэдээ