“Шанхайн 8” ба ШХАБ дахь Монголын оролцоо

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-06-13 11:15:12
МОНЦАМЭ./АСТАНА/. Астанагийн дээд хэмжээний уулзалтаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шинэ түүх эхэллээ гэдгийг Казахстаны удирдагч Н.Назарбаев зарлан мэдэгдсэн нь тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдаан амжилттай болж өнгөрснийг илтгэн харуулсан хэрэг байлаа.

Уулзалт үр дүнтэй боллоо гэдгийг албажуулан баталгаажуулах үүднээс оролцогч орнууд дараах хэд хэдэн гол баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Үүнд, Астанагийн тунхаглал, 17 дугаар хуралдааны дүнгийн тухай мэдээлэл, Олон улсын терроризмтай хамтран тэмцэх тухай мэдэгдэл, Салан тусгаарлах явдалтай тэмцэх тухай Конвенцийг тус тус дурдаж болно. Түүнчлэн ШХАБ-ын гишүүн орнууд 2017-2018 онд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурснаас гадна ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Эдгээр баримт бичгүүдээс гадна өөр 7 шийдвэр гаргаснаас хамгийн чухал нь Энэтхэг болон Пакистан улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлсэн явдал байв.  Энэтхэгийн хувьд 2010 онд, Пакистан улс 2006 онд тус байгууллагад элсэх өргөдлөө өгөөд байсан юм. Гэтэл тухайн үед шинээр гишүүн орон элсүүлэх талаар ШХАБ-ын дүрмэнд огт тусгаагүй байжээ. Дараа нь ШХАБ-ын хууль эрхзүйн орчныг тус байгууллагын зорилго, тавигдах шаардлагад нийцүүлэх гэсээр байтал бүхэл бүтэн 10 жилийн хугацаа өнгөрсөн байна.

1996 онд анх байгуулагдахдаа “Шанхайн тав” гэгдэж байсан ШХАБ өнөөдөр Энэтхэг, Пакистан хоёрыг эгнээндээ элсүүлснээр “Шанхайн 8” болж хувирлаа. Өнгөрсөн онд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон төрийн тэргүүн нарын ээлжит 16 дугаар хуралдааны үеэр гишүүн орны статустай болох эрх, үүргийн тухай Санамж бичигт гарын үсэг зурсан бол Астанагийн хурлаар энэ хоёр улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийн талаар Беларусь улсын Ерөнхийлөгч Лукашенко хэлэхдээ “хоорондоо маргаан зөрчилтэй байгаа гүрнүүдийг ШХАБ эгнээндээ элсүүлсэн нь маш зоригтой бөгөөд хариуцлагатай алхам” гэж дүгнэсэн юм.  

Хоёр том гүрэн нэгдсэнээр ШХАБ-ын гишүүн, ажиглагч гишүүн болон  яриа хэлэлцээний түнш орнуудын хүн амын тоо 3 тэрбумд хүрсэн нь дэлхийн нийт  хүн амын 43 орчим хувь болж байна. Энэ байгууллагын бүрэлдэхүүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн 2 улс, цөмийн зэвсэгтэй 2 улс /ОХУ, БНХАУ/, хамгийн олон хүн амтай хоёр улс /Хятад, Энэтхэг/, БРИКС бүлгийн гишүүн гурван улс /ОХУ, Энэтхэг, Хятад/ болон дэлхий дээр хамгийн их эрчим хүч хэрэглэдэг хоёр улс /Хятад, Энэтхэг/ багтах боллоо.

Нөгөөтэйгүүр, Энэтхэг, Пакистан хоёрыг элсүүлэн авснаар ШХАБ нь улс орнуудын хооронд үүссэн хилийн маргааныг зохицуулдаг, түүнийг нь байнга ярьж хэлэлцэж байдаг индэр болон хувирах вий гэсэн болгоомжлол үүснэ гэдгийг гадаад бодлогын шинжээч Д.Баярхүү дурдаж байсан юм. Гэхдээ үүнийг өөр өнцгөөс харвал, Хятад-Энэтхэг болон Энэтхэг-Пакистаны хооронд үүссэн газар нутгийн маргаан нь эдгээр улсууд нэг байгууллагад багтах болсноор цэгцлэгдэх замдаа орно гэдгийг үгүйсгэж болохгүй.

Нөгөө талаас, Энэтхэг, Пакистан гэсэн “супер гүрнүүд” ШХАБ-ын гишүүн болсноор ажиглагч гишүүн орнууд болон яриа хэлэлцээний түнш орнуудын оролцоо, үүрэг роль, үйл ажиллагаа хумигдаж, тэдний дуу хоолой бүдгэрэх вий гэсэн болгоомжлол үүсэх нь зүй ёсны хэрэг. Энэ тухайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ  “Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс ШХАБ-т орж ирснээр манай улсын тус байгууллагын гишүүн орнуудтай харилцах харилцаанд шинэ агуулга бий болж байгаа юм. Үүгээрээ сайн талтай” гэлээ.  

Дашрамд дурдахад, ШХАБ бол аль нэгэн улсын эсрэг чиглэсэн цэргийн эвсэл биш бөгөөд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн нээлттэй байгууллага билээ. Гишүүн байгууллагуудын харилцан итгэлцлэл, найрамдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт даврах үзлийн бүхий л хэлбэр, хар тамхины наймаатай хамтран тэмцэх нь ШХАБ-ын үндсэн зорилго юм.

ШХАБ дахь Монголын оролцоо

ШХАБ дахь манай улсын оролцоо цаашид ямар байх вэ гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэсэн ганцхан өгүүлбэрээр тодорхойлон хэллээ. Тэрбээр Астанад ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэхдээ хоёр зүйлийг онцолсон юм. Юуны түрүүнд, гишүүн болон ажиглагч орнуудын хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах нь чухал гэдгийг төрийн тэргүүн маань онцлон тэмдэглэлээ.

Хоёрдугаарт, Монгол Улс эрчим хүчний дэд бүтцийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримталж байгаа гэдгийг Ерөнхийлөгч онцлоод, Монгол орны нар, салхи, усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин баялаг нөөцийг түшиглэн Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний системд нэгдэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг уриалсан нь нэлээд анхаарал татлаа. Дашрамд дурдахад, манайхтай эдийн засгийн хүчин чадлын хувьд ойролцоо Киргизстан улс гэхэд Астанагийн уулзалтын үеэр “ШХАБ-ын банк байгуулъя, банкны төв оффис манай улсын нийслэл Бишкек хотод байх нь зүйтэй” гэсэн санал гаргаж байх жишээтэй. Ийм банк байгуулах саналыг Хятад улс 2014 онд дэвшүүлж байсан боловч дорвитой дэмжлэг аваагүй юм.

Ер нь бол ШХАБ-ын хүрээнд манай улсын баримталж буй бодлого тодорхой байгаа. Тус байгууллагад ажиглагчийн статустай болох тухай асуудлыг 2004 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцээд “ШХАБ-ын хүрээнд эдийн салбарын хамтын ажиллагаанд түлхүү оролцох, тодруулбал эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарах нь зүйтэй” гэсэн зөвлөмж гаргасны дагуу ШХАБ-ын хүрээн дэх Монголын талын үйл ажиллагаа явагдаж байгаа юм.

Сануулан дурдахад, 1996 онд анх байгуулагдахдаа “Шанхайн тав” гэгдэж байсан ШХАБ-ын үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангах, цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх асуудалд төвлөрч байлаа. Тодруулбал, экстремизм, терроризм, сепаратизм гэсэн гурван “изм”-ын аюулыг сөрөн зогсох тухай асуудлыг голчлон хэлэлцдэг байсан юм. Аажимдаа үйл ажиллагааных нь хүрээ тэлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг олон салбарыг хамрах болсон нь манай улсын ашиг сонирхолд илүүтэй нийцэж байна.

Астанагийн уулзалтын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилцлага өгөхдөө “хамгийн гол нь эдийн засгийн агуулгаа улам баяжуулъя, эдийн засгийн хамтын ажиллагаагаа чухалчилъя” гэсэн санааг давтан хэлсэн.
Энэ зорилтын хүрээнд тэрбээр 2014 онд "ШХАБ-ын хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг хийж байя" гэсэн санаачилга гаргасан билээ. Түүнээс хойш болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтуудын үеэр гурван улсын удирдагчид гурван удаа уулзаад байна. Гуравдахь удаагийн буюу өнгөрсөн онд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод болсон уулзалтаар гурван улсын удирдагчид нэг ширээний ард сууж байгаад “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ. Хөтөлбөрт дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр 32 төсөл багтсан юм. Төслүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Монголын нутгаар дамжин өнгөрөх ачааны хэмжээ эрс нэмэгдэнэ, эрчим хүч, уул уурхайн салбар шинэ шатанд гарна гэсэн хүлээлт үүсээд байгаа билээ.

Сэтгүүлчдийн хувьд Астанад 4 дэх удаагийн гурван талт уулзалт болно гэж хүлээж, түүнийг сурвалжлахад бэлтгэж байсан боловч уулзалт болсонгүй. Үүний учир шалтгааны тодруулахаар бид гадаад бодлогын шинжээч Д.Баярхүүд хандсан юм. Тэрбээр ярихдаа “Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын удирдагчдын уулзалт бол механизм. Энэ механизм нь өөрөө мөчлөгтэй. Гурван уулзалт хийгээд нэг цикл /мөчлөг/ нь дуусч байгаа юм. 2014 онд Душанбе, 2015 онд Уфа, 2016 онд Ташкентад уулзалтууд болоод нэг мөчлөг өндөрлөсөн. Энэ гурван уулзалтаар ярьсан тохирсон зүйл, гаргасан шийдвэр хангалттай олон бий. Хамгийн гол нь тэдгээрийг хэрэгжүүлэх ажил хоцорч үлдчихээд байна” гэсэн тодорхой тайлбарыг өглөө.

Ярьж тохирсноо хэрэгжүүлэхгүй хэтэрхий цаг алдаад байгаа нь яах аргагүй үнэн. Ганцхан жишээ дурдъя. Өнөөдөр чингэлэг ачсан галт тэргүүд Монголыг тойроод Казахстан, Манжуурын нутгаар давхилдаж байна. Гэтэл Монголын төмөр замаар ачаа тээвэрлэхэд Казахстанаар дайрч явснаас 513 км, Манжууртай харьцуулахад 748 км дөт билээ. Дээр дурдсан 32 төслийн нэлээд нь Монголын нутаг дэвсгэрээр дайруулан ОХУ, БНХАУ хоёрыг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний таван шугам болон бусад дэд бүтцийг байгуулахад чиглэсэн Монголын “Талын зам” гэдэг төслийн хүрээнд хэрэгжих ёстой юм. Уг төслийг Хятадын “Торгоны зам” санаачилга болон Оросын “Евразийн эдийн засгийн холбоо”-той уялдуулан зохицуулах үүднээс гурван улс “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсон билээ.  "Талын зам"-ын төмөр замын коридорууд байгуулагдсанаар 2020 он гэхэд Орос-Хятадын худалдааны эргэлт 2020 он гэхэд 200 тэрбум долларт хүрнэ гэсэн тооцоо ч бий. Гэтэл гурван талт уулзалтуудын үеэр ярьсан тохирсон зүйлүүдийн хэрэгжилт нэг л удаашралтай байгаа санагдана. 

Эцэст нь дурдахад, манай улс цаашид ШХАБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, энэ байгууллагын талаарх бүх талын судалгааг хийх, баримтлах бодлого, чиглэлээ илүү нарийвчлан тодорхойлох нь чухал болжээ.

Б.Адъяахүү /Астана хот/
 
 
 
 
Холбоотой мэдээ