Жуулчдаас хураамж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-08 13:57:58
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Цэнгэл сумын ЗДТГ-аас "Сумын хэмжээний аялал жуулчлалын бүс нутагт аялагчдын хог хаягдлыг зохицуулах журам" боловсруулж, гадаад, дотоодын жуулчдаас хураамж авахаар төлөвлөж байна.

Баян-Өлгий аймагт ирэх жуулчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа ба аяллын гол маршрут нь Цэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрыг чиглэх юм. Үүнтэй зэрэгцэн байгаль орчны бохирдлын хэмжээ ч нэмэгдэж, сумын удирдлагын зүгээс ийнхүү арга хэмжээ авахад хүргэжээ.

Сумын ЗДТГ-аас өнөөдөр нутгийн иргэд, аялал жуулчлалын компаниудыг оролцуулан дээрх журмыг хэлэлцүүлж байгаа бөгөөд хог хаягдал ихээр төвлөрсөн болон төвлөрч болзошгүй газруудад хашлага бүхий хогийн сав, монгол, англи, орос хэлээр хаяг баярлуулах, төвлөрсөн хогийн тодорхой зөвшөөрөгдсөн нэгдсэн хогийн цэгт цуглуулах, аялал жуулчлалаар ирсэн дотоодын амрагчдаас хэд хоногоор байснаас үл шалтгаалан нэг машинаас 10000, амрагч бүрээс 3000 төгрөг, гадаадын жуулчдыг тээвэрлэж ирсэн машин бүрээс 12000 төгрөг, хүн бүрээс 5000 төгрөгийн хураамж авч, Байгал хамгаалах санд төвлөрүүлэн журамд зааснаар захиран зарцуулахаар төлөвлөсөн байна.

Сумын удирдлагаас гаргасан дээрх санаачилгыг нутгийн иргэд ч сайшаалтай хүлээн авч байгаа юм байна.
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ