Арабын ертөнцөд дөрвөн хүүхэд тутмын нэг нь ядуу амьдарч байна

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2017-05-17 10:40:11
ЮНИСЕФ. /VOA/. Ойрхи Дорнод болон Хойд Африкийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь ядуу зүдүү амьдарч байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдлээ. Тэдэнд амьдрах орон байр, цэвэр ус зэрэг наад захын хэрэгцээний зүйлс хүртэл дутагдалтай байна гэж тус байгууллагаас энэ долоо хоногт гаргасан судалгааны тайланд анхааруулжээ.

Арабын ертөнцөд 29 сая хүүхэд ядуу зүдүү амьдарч байгааг 11 орныг хамруулсан уг судалгааны явцад тогтоосон байна.

Тус бүс нутгийн ядууралд нэрвэгдсэн хүүхдүүдийн талаарх мэдээллийг анх удаагаа цуглуулсан нь энэ юм.

Боловсролын хүртээмж муу байгаа нь залуучуудыг ядуусын эгнээнд оруулж байгаа гол хүчин зүйл болохыг мөн олж тогтоожээ.

5-17 насны хүүхдүүдийн дөрөвний нэг нь огт сургуульд элсээгүй эсвэл хоёрдугаар ангиа ч төгсөж чадалгүй сургууль завсарджээ.

ЮНИСЕФ-ийн Ойрхи Дорнод болон Хойд Африкийн асуудал хариуцсан газрын захирал Герт Каппелаере хэлэхдээ “хүүхдүүд ядууралд нэрвэгдэж байгаа нь гэр бүлийн орлоготой шууд холбоотой. Мөнгөгүйн улмаас чанартай боловсрол эзэмшиж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, аюулгүй гэр оронтой болж, цэвэр ус хэрэглэж чадахгүй байна” гээд “ирээдүйн гэр бүлүүд наад заах нь гурван үеэрээ ядуу зүдүү амьдарч магадгүй” гэж анхаарууллаа.

Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ