Завханы иргэд цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад шууд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-12 12:24:34
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь нэртэй төсөл амжилттай хэрэгжиж байна. Тус төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр төсөл хэрэгжүүлэгч “За таны төлөө” нийгэмд үйлчилдэг ТББ-ын тэргүүн Т.Пүрэвжаргалтай уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу? Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл анх хэдэн оноос хэрэгжиж эхэлсэн юм бол? Энэ төслийн зорилго нь юу юм бол?
-Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын санаачлагаар “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг 2016 оноос хэрэгжүүлэн ажиллаж байгаа. “Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн Хөдөлгөөн” төрийн бус байгууллага нь НҮБ-ийн “Ардчилал” Сангийн дэмжлэгтэйгээр “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Завхан аймагт “Хууль ба иргэн” дэд төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн зорилго нь цахим засаглалын систем /вэб аппликейшн/-ийг ашиглан хууль боловсруулах үйл явц дахь иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, түүнчлэн хууль тогтоох үйл явцад өргөдлийн механизмыг ашиглан оролцох чадавхийг нэмэгдүүлэх юм.
-Ямар байгууллагууд хамтран оролцож байгаа вэ? Зорилтот аймгууд нь ямар аймгууд байгаа вэ?
-Улсын Их хурлын Тамгын Газар, Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хороо,  Хууль Зүйн Яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, “Ил Тод Байдлыг Дэмжих Түншлэл” ТББ-ын сүлжээ хамтран оролцож байна. Төсөлд Улаанбаатар хот, Завхан, Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь аймгууд хамрагдан 2015 оны 4 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд амжилттай хэрэгжиж байна.
Манай аймагт 2016 оны 11 сард “Супер хэрэглэгч бэлтгэх” сургалт зохион байгуулж 30 гаруй хүн хамрагдан супер хэрэглэгчид бэлтгэлээ. Уг төслийн хүрээнд Завхан аймагт 2017 оны 03 сараас 5 сар хүртэл хугацаанд таван удаагийн сургалт зохион байгуулж 150 хүн хамруулаад байна. Манай аймагт төсөл хэрэгжүүлэгчээр “За таны төлөө” НҮТББ, Хамтран хөгжүүлэгчээр аймгийн ЗДТГ /Хууль эрх зүйн хэлтэс/, Улиастай сумын ИТХ, ЗДТГазар, Улиастай сумын Жинст, Жаргалант, Чигэстэй, Богдын гол, Товцог, Өлзийт багуудын ИНХ-ын дарга, Засаг дарга, Тосонцэнгэл сумын ИТХ, ЗДТГ, Цагаанхайрхан сумын ИТХ, ЗДТГазар нар ажиллаж байна. Төслийн сургагч багшаар супер хэрэглэгч Т.Пүрэвжаргал, Ж.Оюунцэцэг, Э.Мөнхсайхан, Б.Ганбаатар, Тосонцэнгэл суманд Хайрхан багийн ИНХ-ын дарга О.Марзмаа, Тосонцэнгэл сумын ИТХ-ын ажилтан Т.Пүрэвбазар нар ажиллаж байгаа.
-Төсөлд Завханы хэдэн байгууллага оролцож байна вэ?
-Төсөл хэрэгжүүлэх хугацаанд 70 орчим төрийн байгууллага хамтран оролцож байна. Тухайлбал төслийн хүрээнд бэлтгэгдсэн супер хэрэглэгчид Улиастай Тосонцэнгэл сумдад үйл ажиллагаа явуулж байгаа хэлтэс, агентлагууд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дарга эрхлэгч нар, аймгийн Аудитын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол соёл спортын газар, Өмчийн харилцааны газар, Политехникийн коллежийн багш ажиллагсад, Улиастай сумын ЗДТГазар, Улиастай сумын Богдын гол багийн иргэдийн төлөөлөл, Жавхлант цогцолбор сургуулийн багш сурагчид, ажиллагсад, Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн ЗДТГазрын хамт олон,  нэг цонхны үйлчилгээний цэгээр үйлчлүүлэгсэд, Капитал банк зэрэг байгууллагын 1000 гаруй иргэнд мэдээлэл өглөө.  
-Цаашид сургалтанд хамрагдсан супер хэрэглэгчид иргэдийг цахим хэлэлцүүлгийн системд хэрхэн бүртгэх вэ?
-Сургалтанд хамрагдсан супер хэрэглэгчид иргэдийг цахим хэлэлцүүлгийн системд бүртгэх ажлыг зохион байгуулж хэлтэс агентлагууд байгууллагын дотоод сургалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан “Цахим хэлэлцүүлгийн систем”-ийн талаар сургалт авч хамтран ажиллахаар тохироод байна.  Энэ сургалтаар “Хууль тогтоох үйл явц дахь иргэдийн оролцоо /одоо ба цаашдын боломж”/, “Цахим хэлэлцүүлгийн платформ”, “Хууль эрх зүйн үндэслэл, хууль тогтоомжийн тухай болон бусад холбогдох хуулиудын танилцуулга”, “Супер хэрэглэгчийн үүрэг оролцоо” сэдвүүдээр хичээл зааж сургалтад хамрагдсан хэрэглэгчдийг цахим системд бүртгэх ажлаар дадлага ажил хийлгэж анхан шатны мэдлэгийг олгосон.
-Цахим Хэлэлцүүлгийн Платформ гэж юу вэ?
-Цахим Хэлэлцүүлгийн Платформ гэдэг нь УИХ-р хэлэлцэгдэж буй хууль болон бусад шийдвэрүүдийн төслүүдийг цахим орчинд иргэдэд түгээх, тэдгээр төслүүдэд иргэдийн санал хүсэлтийг тусгах зорилготой. Платформ нь вэб сайт, ухаалаг аппликэшн гэсэн хэсэгтэй. Вэб сайт http://forum.parliament.mn иргэдэд зориулсан хэлэлцүүлгийн вэб сайт , http://www.parliament.mn УИХ-ын үндсэн вэб сайт, http://intra.parliament.mn хууль санаачлагчийн вэб сайттай. Аппликэшн нь Android үйлдлийн систем бүхий гар утсанд зориулсан “Цахим хэлэлцүүлэг” аппликэшн,  iOS үйлдлийн систем бүхий гар утсанд зориулсан “Цахим хэлэлцүүлэг” аппликэшнээс бүрддэг. Цаашид иргэн бүр http://forum.parliament.mn сайтаар зочилж “Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Улсын Их Хурлаар батлагдах хууль тогтоомжийн төсөлд саналаа өгч хууль санаачлагчид болон УИХ-ын гишүүдэд саналаа илэрхийлэх боломжтой юм. Мөн Цахим Засаглал-Иргэдийн Оролцоо хуудсанд лайк дарж нэгдээд хуулийн төслүүдтэй танилцах боломжтой. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр иргэн бүр хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад санал хүргүүлж шууд оролцох боломжтой болно гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд Завхан аймгийн 150 иргэн сургалтанд бүрэн хамрагдаж супер хэрэглэгчийн үнэмлэх гардаж аваад байна.
Б.Мягмарсүрэн                 
Холбоотой мэдээ