Афганистан дахь Америкийн цэргийн тоог нэмэгдүүлж магадгүй

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2017-05-09 11:54:33
ВАШИНГТОН./TASS/. Ерөнхийлөгч Д.Трампын зөвлөхүүд Афганистанд хэрэгжүүлж буй Америкийн цэргийн стратегийн бодлогыг өөрчлөх талаар санал боловсруулжээ. Энэ тухай The Washington Post сонинд бичсэн байна.

Афганистанд одоо байрлаж буй Америкийн 8400 цэргийг 3000 хүнээр нэмэгдүүлж, цэргийн тоо хэд байхыг тодорхойлох эрхийг Пентагонд олгох талаар дээрх саналд тусгажээ. Түүнээс гадна Батлан хамгаалах яам “Талибан” бүлэглэлийн эсрэг нисэх хүчнийг ашиглах талаар илүү өргөн эрх мэдэлтэй болох аж.

Түүний сацуу Б.Обамагийн үед Америкийн цэргийн зөвлөхүүдийн Афганистан дахь үйл ажиллагааг хязгаарласан журмууд үйлчилж байсныг цуцлах нь зүйтэй гэж Д.Трампын зөвлөхүүд санал болгосон байна.

Харин Д.Трамп одоогоор шинэ стратегийг батлах эсэхээ шийдээгүй байгаа аж. Тэрбээр энэ сарын 25-нд Брюссельд болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын өмнө энэ талаар шийдвэрээ гаргах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Энэ стратеги батлагдсан тохиолдолд Афганистаны дайнд АНУ-ын зарцуулж буй мөнгөний хэмжээ улам өсөх юм. Одоогийн байдлаар, Афганистаныг тохинуулах ажиллагаанд америкчууд жилд 23 тэрбум долларын зардал гаргаж байна.

“Вашингтон Пост” сонинд бичсэнээр, шинэ стратеги төлөвлөгөөг санаачлан боловсруулсан хүн нь Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Герберт Макмастер аж. Энэ төлөвлөгөөний гол зорилгоо нь “Талибан” хөдөлгөөнийхнийг хэлэлцээний ширээнд суулгах явдал юм.  Гэвч энэ санаачилгыг эсэргүүцэж буй хүмүүс Цагаан ордонд мэр сэр байгаа ажээ.
Х.Сарнай 
 
 
Холбоотой мэдээ