АН-ын бүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-05 12:38:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын бүлэг ажлын дөрөв хоногийн завсарлага авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Засгийн газраас анх өргөн барьсан хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцад ихээхэн өөрчлөгдсөн. Ингэхдээ иргэний эрхийг зөрчих заалт орсон байх магадлалтай байна. Үүнийг залруулах хэрэгтэй. Тиймээс АН-ын бүлэг завсарлага авах саналтай байна. Энэ хугацаанд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдаж, алдаа дутагдлыг засах хэрэгтэй” гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн, “Ирэх долдугаар сарын 01-нээс Зөрчлийн болон Эрүүгийн хууль үйлчилж эхэлнэ. Тиймээс хянан шийдвэрлэх тухай хуулийг нэн даруй батлах шаардлагатай байгаа юм” гэсэн тайлбар өгөв.

Ийнхүү УИХ-ын дарга АН-ын бүлэгт ажлын дөрөв хоногийн завсарлага өглөө.

Үүний дараа Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Б.Жавхлан гишүүн танилцууллаа. Энэ үед завсарлагааны цаг болсон тул үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх болов.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ